Б.Энх-Амгалан: Либералчилал нэрийн дор Үндэсний агаарын тээвэрлэгчээ  дампууруулчих вий дээ…
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
2018.04.09

Б.Энх-Амгалан: Либералчилал нэрийн дор Үндэсний агаарын тээвэрлэгчээ дампууруулчих вий дээ…

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.

Хаврын чуулган эхэллээ, чуулган эхлэдэг өдөр байнгын хорооны хурал дээр та Иргэний нисэхийн либералчилалын асуудлаар ярьж байсан. Тойрог гэдэг утгаараа ярив уу? Эсвэл өөр байр суурьтай байгаа юм уу?

Аль аль нь.  

Нэгдүгээрт:  Манай улс далайд шууд гарцгүй орон учраас стратегийн маш чухал ач холбогдолтой, үндэсний эрх ашигт онцгой нөлөөтэй салбар болох Монголын Иргэний Агаарын Тээврийг либералчилал нэрийн дор дампууруулчих вий дээ.. гэж санаа зовсондоо.

Хоёрдугаарт: Бусдын болоод өөрсдийн алдааны том сургамж бэлхнээ байгааг хараасай. Казахстан улс эрчим хүчний салбараа хувьчлаад маш хүнд байдалд орж байсан туршлага байна, Гүрж улс иргэний агаарын тээврийн билетийн үнээ бууруулах зорилгоор гадны авиа компаниудад найр тавиад асар хүнд байдалд орсон жишээ бий. Бид нефть бүтээгдэхүүний импортоос шууд хамааралтай, энэ салбараа хувьчлаад юу болов?  Монголын төр хувийн компанийг царай алдаж, хэлэлцээрийн ширээний ард сууж, гуйж аргадах болсон. Үүнтэй агаар нэгэн иргэний нисэхээр хамаагүй оролдоод нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий гэсэндээ.

Гуравдугаарт: Энэ салбарт өмнө нь давтагдаж ирсэн алдаа дутагдлуудыг зөв засч мэргэжлийн хүмүүсийнхээ дуу хоолойг сонсож долоо хэмжиж нэг огтлоосой, ниргэсэн хойно нь хашгирдаг богинохон ой санамжтай битгий байгаасай гэсэндээ л хэлсэн юм.

Таныхаар бол либералчилал энэ салбарт хэрэггүй гээд байгаа юм уу?  Салбарын яамны бодлогыг буруу гээд байгаа юм уу? МИАТ ХК-ийг дагасан их олон асуудал байдаг биш үү?
  1. Либералчилал энэ салбарт одоо ч явагдаж байгаа гэж би ойлгодог.  2020 он хүртэл хөгжүүлэх бодлогын бичиг баримт гарсан түүнийгээ дагаж хэрэгжүүлж яваа, ажлын явц, үр дүнг нь мэргэжлийн үүднээс, үнэн зөв дүгнэж цэгнэх ёстой гэж бодож байна. Ер нь аливаа улс орны агаарын тээврээ либералчилсан туршлагаас харахад үе шаттай, хамгийн гол нь үндэсний тээвэрлэгч компаниудаа сайтар бэлтгэж байж хийсэн байдаг.  Манайх эсрэгээрээ бэлтгэгдээгүй, хүнтэй зүйрлэвэл дөнгөж хөлд орж ухаан сууж буй ганц хүүхэдтэй тэр нь МИАТ. Зөв явагдаж буй процессыг буруу тийш нь мушгиж болохгүй, замаасаа гарна.
  2. Либералчилалыг агаарын тээвэр нь хүчирхэг хөгжсөн улс орнууд дийлэнхдээ хийдэг. Учир нь энэ замаар өөрсдийн зах зээлийг улам томруулж, бэхжих боломжтой, харин бидний хувьд эсрэгээрээ байна. Манай үндсэн тээвэрлэгч МИАТ 8-хан чиглэлд нисдэг, 6-хан онгоцтой, 670-800 орчим ажиллагсадтай. Монголын Иргэний Агаарын Тээврийн хөгжлийг манайх руу нисч байгаа “Айр Чайна”, “Аэрофлот”, “Корейн Айр”, Туркийн авиа компаниудтай боловсон хүчин,  нисэх онгоцны тоо,  нислэгийн чиглэл, хүчин чадал, туршлага, хөрөнгө санхүү, зах зээлд эзлэх байр суурь гэх мэт олон хүчин зүйлтэй харьцуулшгүй. Ийм нөхцөлд эрх тэгш, шулуун шударга өрсөлдөөн ярих утгагүй!. Мэдсээр байж галын шугам руу зэвсэггүй гар хоосон илгээсэнтэй адил.
  3. Өмнөх алдаагаа сана!!! 2000 он хүртэл МИАТ 17 аймаг 100 гаруй суманд орон нутагт нислэг хийдэг байсан гэдэг, гэтэл орон либералчлал хийснээр өнөөдөр ямар байгааг та бүхэн бүгд харж байгаа, энэ бол зайлшгүй шаардлагатай хийх ёстой байсан бэлтгэл хангагдаагүй, мөн чөлөөт өрсөлдөөнийг буруу зохицуулсаны үр дагавар. Тэгвэл одоо агаарын тээврийн либералчлалыг МИАТ буюу үндэсний агаарын тээвэрлэгчийн нисч буй хэдхэн олон улсын чиглэлд хийх тухай яригдаж байх шиг байна. Зүйрлэхэд МИАТ Ази, Европын хэдхэн улсад нисээд түүгээрээ талхаа олж иддэг. Тэр талхных нь тоо, хэмжээ өөрчлөгдөөгүй. Хоёр хувааж иддэг байсан талхаа айлын ТОМ хүүхдүүдтэй хорь хувааж идэх тухай л асуудал. Хэн нь түрүүлж турж үхэх вэ бодоод үз.!!
  4. Аялал жуулчлалын өсөлтийг хангах тухай яригддаг, тэгвэл зорчигч эргэлтийг нэмэх гэж байгаа бол эхлээд дэд бүтэцээ хий. Бид гадныханд ямар аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн санал болгохын?, тэр бүтээгдэхүүнийг авахын тулд яагаад Монголд ирэх ёстой юм?,  Орон нутагт  зорчих тав тухтай тээврийн хэрэгсэл, тэдний хүссэн хоол хүнс, ядаж бие засах орчин үеийн жорлон хэд байна? Групп жуулчид нэгэн зэрэг олон чиглэлд авах  бэлтгэл бүрэн хангагдсан уу? Бид бэлэн юм уу? ….. Улаанбаатарт авчраад асгачихаар мөнгө орж ирнэ гэж бодвол өрөөсгөл ойлголт. Улсын баяр наадам, зуны 3 сард л зорчигч нэмэгддэг гэхдээ нэг урсгалдаа, наадмын үеэр явах талд нь зорчигч бага, ирэх талд нь их. Наадмын дараа эсрэгээрээ байх жишээтэй. Үүнд зөв зохицуулалт л хийгээч дээ.
  5. МИАТ-ын үнийг буулгахын тулд чөлөөт өрсөлдөөнд оруулах гадны компанид нислэг хуваах тухай, МИАТ болохгүй байгаа гэж.., сүүлийн 5 жил Европ чиглэлд зорчигч эргэлт 120.000-130.000 мянга байгаа, ерөөсөө нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа гэхдээ либералчилна, том жижиг, гадна дотных нь хамаагүй тэгш өрсөлдөөнийг бий болгоно гэж, шатахууны үнэ өндөр талаар ярихаар өргөн нарийн цариг ярьдаг, төрийн яам бодлого гаргадаг бусад нь дагах ёстой гээд зогсож  байгаа яамны түшмэдийг ойлгохгүй байгаа. Хүн чинь эхлээд өөрт байгаагаа өөд нь татдаг биз дээ. Уулын бугыг хараад унасан морио голбол, морь ч үгүй буга ч үгүй болно. Либералчилал ярихын өмнө тэр дэлхийн зах зээлийн үнээс 20-25% өндөр үнээр литр шатахууныг нь 1100 ам доллараар шахдаг  компаниудаа болиул!, Гадны чихэр печень, чанаргүй хоол ундаа шахаад байдаг юм бол түүнийг нь болиул!, санхүүгийн сахилга бат зөрчсөн, үргүй зардал гаргасан, компанид ашиггүй хэлцэл хийсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооц!, данс тооцоог нь шилэн болго. Бүтэц орон тоогоо хэтрүүлээд байдаг бол цөөлж бүтэцийг нь шинээр батал, Сахилга хариуцлагыг нь дээшлүүл. Төр өмчөө мэд, ТУЗ-ийг нь өөрчил, хөндлөнгийн хяналттай болго. Төрийн Аудит дуртай цагтаа очиж шалгаж болдог болго. Энэ бол бидний дотоод зохион байгуулалтын асуудал. Алдаа дутагдал нь хаанаа байгааг ил гаргаад  тавьчих л даа. МИАТ дээр шахаа, луйвар хийсэн эрх дархтан, эднийхийг сорж амьдардаг цөөхөн бүлэглэл чинь ичээд больдог юм байгаа биз дээ. Хамт олны буруу гэж юу байгаа юм.

Муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг хавтгайруулан чичилж болохгүй. Энэ салбарт ажиллаж байгаа бэлтгэгдсэн үндэсний боловсон хүчнүүд чинь бид хасах 55 тэрбум байсан компанийг нэмэх 55 тэрбум болголоо, гадаадад урилгаар ажиллаж байна, олон улсын авиа компаниудын 55 дахь онгоцыг дотооддоо засварлаж хүлээлгэн өглөө, урсгалаа нэмж байна, үр ашгаа нэмэгдүүлж байна, үндэсний тээвэрлэгчийнхээ үүргийг сайн биелүүлж байна, удахгүй 7 шинэ онгоц авна гэж ирээд л ярихын байна шүү дээ … Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг юм шүү. Энэ хамт олонд урам өгч, төрийн зөв бодлогоор дэмжих ёстой.

Ойлголоо. Таныхаар иргэний нисэхийн салбарыг либералчилах, хувьчлах цаг нь болоогүй гэх гээд байна уу?

Төрийн яамны түшмэл үндэсний телевизээр ер нь гадны авиа компаниудын зарим хувьцааг арилждаг тухай, МИАТ-ын зарим хувьцааг зарж болох талтайг ярьж байна лээ. Либералчилал, менежментийн хувьчлал гэсэн гоё шошго дор төрийн өмчийг үнэгүйдүүлж дампууруулаад хувьчилж авдаг, өмнө нь явж ирсэн шиг зальжин бодлого байж болохгүй. Эхлээд төрийн шийдвэр гаргуулж чиний хоолыг булааж иднэ. Мэдээж чи өлсөөд ирэхээрээ гуйхгүй хаачих юм, тэр үед нь хямдхаан өөрийн болгоно.  Шуудхан хэлэхэд би хардаж байна. Надад ингэж уншигдаад байна. Энэ салбар НИК-ийн хувьчлалын гашуун туршлагын төрсөн дүү байж таарахгүй. Туркийн эрх ашиг, Японы эрх ашиг гэж байдаг юм бол Монголын эрх ашиг гээд нэг юм байх ёстой биз дээ. Цаг нь болсон уу гэдгийг бодож үзээрэй дээ гэж хэлье.

Хөшигтийн хөндий анх 250 сая долларын өртгөөр барих шилжүүлэх концессын нөхцөлөөр босох тухай яригдаж байсан санагдаж байна.  Одоо 500 сая болсон, хөнгөлөлттэй зээл болсон, дээр нь менежментийнх нь 51% -ийг Япон тал, 49%-ийг Монгол тал авах тухай яригдаж байна. Хэзээ хэний хийсэн бодлогыг бид дэмжээд, сэвээд байнаа. Бид чинь одоо өөрийнхөө нисэх буудлаараа хэдэн хүн бүртгэж, шалгаж оруулж гаргаад, үйлчилгээ үзүүлээд, ачаа барааг нь ачиж буулгаад, баригдсан объектоо харж хандаад явж чадахгүй болтлоо дорд орчихсон улс уу?... Өр бас дахин өр л хийх гээд байдаг, дээр нь гадны зөвлөхүүдийн, мэргэжилтнүүдийн өндөр  цалинг бас бид төлөх үү?

Улс орны маань асар их цаг хугацаа, үнэ өртгөөр бэлтгэсэн суурь бүтэц, өндөр мэргэжлийн үндэсний боловсон хүчин, олон жилийн хүч хөдөлмөр, оюун ухаан шингэсэн  бүтээн байгуулалт салхинд хийсчих вий л гэж санаа зовсон юм. Бодлогоо ил ярьж, эрдэмтэн мэргэдээр, мэргэжлийн хүмүүсээр тал талаас нь хэлэлцүүлж зөв гаргах нь чухал.

Тэгвэл яагаад заавал МИАТ гэж? Төрд хөрөнгө байхаараа үнэгүйддэг, төр хамгийн муу менежер гэдэг биз дээ? Ер нь танд ямар ашиг сонирхол байна? 

Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан улс. Ард иргэдийнхээ, улс түмнийхээ язгуур эрх ашгийг төр нь хамгаалдаг, тиймийн тулд гэж төр байдаг. Одоо агаарын тээвэрт ядарсан зүдэрсэн өндөр настан, хэвтэрийн өвчтөн, гэр бүл, оюутны хөнгөлөлтийг хэн өгдөг  билээ үндэсний тээвэрлэгчид!. Дэлхий нийтэд дайны гал энд тэнд асч байна, дайн болоод дайн бүхий байдал үүссэн, дотоодын үймээн самуун дэгдсэн тэр газраас өөрийнхөө иргэдийг хэн очиж авах вэ? Үндэсний тээвэрлэгчид!. Дотоодынх нь компаниудын хүч нь сулраад, өрсөлдөх чадваргүй болоод муужраад ирэхэд манай зах зээл дээр байр сууриа бэхжүүлсэн гадны компани, харийн хүмүүс үнээ нэмэхгүй гэсэн баталгааг хэн өгч байгаа юм? Хэн нь ч таашгүй. Өнгөрсөн он жилүүдэд төрийн нэр барьж луйвар хийж ирсэн учраас хүмүүст тэгж харагдаад байгаа юм. Хөршүүдээ хараарай стратегийн ач холбогдолтой онцгой салбартаа төрийн хяналт нь өндөр байгаа.

Уучлаарай, надад нисэхийн салбарт ямарч хувийн ашиг сонирхол байхгүй. Санаа зоволтгүй, би катеринг авна хоол шахна гэхгүй, би шатах тослох материал оруулж ирээд давуу эрх олж нийлүүлнэ гэхгүй, би онгоц, объект хувьчилж авахгүй. Нэг л зүйлийг ойлго!!! би Буянт Ухаагийн буурал дэнж, Өлзийт, Морин даваа нисэхийнхний дэмжлэгийг авч төрд сонгогдсон төлөөлөл нь тиймээс дуугарч байгаа юм. Дуугарч ч ирсэн, дуугарах ч болно.