2018.04.09

Улаанбаатар хотын дарга Сонгинохайрхан дүүргийн хороодын засаг дарга нартай уулзлаа

4-р сар эхлэхтэй зэрэгцэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 6 дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзаж чиг үүрэг өгч эхэлсэн. Тэгвэл энэхүү уулзалт Сонгинохайрхан дүүргээр өндөрлөжээ. 

УИХ-аас 2018 оны сахилга хариуцлагыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн 6 дүүргүүдийн хороодын Засаг дарга нартай уулзаж, хийх ажлын чиг үүрэг өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүрэг бол хотын баруун хэсэгт байрладаг. 320 орчим мянган иргэнтэй, 80-аад мянган өрхтэй. Энэ өрхүүдийн 77 хувь нь гэр хороололд, үлдсэн хэсэг нь байшинд амьдардаг. Үүнийгээ дагаад Сонгинохайрханчуудын өмнө сорилтууд байна. Агаар, хөрсний бохирдол, сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх сорилтууд байна. Үүнийгээ ирэх 2 жилд тодорхой хэмжээгээр шийдэхээр ажиллаж байна.