Салбарын дарга нарын зөвлөгөөн боллоо
ММНБИ-ийн салбарын дарга нарын уламжлалт зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр 2018 онд хийгдэх ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд, салбарт тулгарч буй асуудлуудыг хэлэлцлээ
Зөвлөгөөнд ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан 2018 онд ММНБИ-ээс хэрэгжүүлэх ажлууд, төслүүдийг танилцуулж, салбарууд хэрхэн оролцож, хамтран ажиллах талаар салбарын дарга нарт чиглэл өгч, санал солилцлоо. Мөн салбаруудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, шилдэг салбаруудаа тодруулав.
2017 оны шилдэг салбараар Г.Эрдэнэцэцэг даргатай Дорноговь салбар шалгарлаа. Дорноговь салбар өнгөрсөн онд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа 100 хувь хэрэгжүүлж ажилласнаас гадна онцлог ажлуудыг санаачлан зохион байгуулжээ.
Нягтлан бодогчид, олон нийтэд зориулсан сургалтуудыг хийж, салбарын орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарч ажилласнаас гадна 2017 онд мэргэшсэн нягтлан бодогчдын спортын XV их наадмыг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан байна. Тус салбар нийгэмд чиглэсэн сайн үйлсийн ажлыг идэвхтэй зохион байгуулж, Монгол Улсын “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн” байгууллагаар шалгарсан байна. 2-р байрт А.Оюундэлгэр даргатай Ховд салбар, 3-р байрт Т.Очирхүү даргатай Эрдэнэт салбар, 4-р байрт Д.Пүрэвсүрэн даргатай Төв салбар, 5-р байрт М.Бямбасүрэн даргатай Сүхбаатар аймгийн салбар тус тус шалгарлаа.
Салбарын удирдлагууд гишүүдээ үйл ажиллагаанд татан оролцуулах, хэрхэн идэвхжүүлэх талаар бие биеэсээ туршлага судлан, гишүүдийнхээ дунд үр өгөөжтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.