Ц.Даваасүрэн: Бид “Рио Тинто”-г Арбитрт өгвөл ялна
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Та бие даагч байхдаа Оюутолгойн гэрээний асуудлаар дуугарч ирсэн. Өнөөдөр гэрээний асуудал дахин хөндөгдөж магадгүй нөхцөл байдал үүслээ. Таны байр суурийг сонирхъё?
-Оюутолгойтой холбоотой олон асуудлыг энд ярьж болно. Мөнгө нь Монголын банкаар дамждаггүй, борлуулалтын орлогын 6-8 хувийг л Монголд төлдөг. Бүр нэг хачин зүйл бол монголчууд ашгаас нь ногдол ашиг авдаг. Оюутолгой менежментийн төлбөр гээд зардлаас нь зургаан хувь авна. Өөрөөр хэлбэл зардал нь өндөр байх тусмаа тэдэнд ашигтай, бидэнд ашиггүй. Зардал өндөр байх тусам ногдол ашиг бага байна, тийм үү. Бодитой тоон дээр ярья гэвэл Оюутолгой орд “Эрдэнэт” үйлдвэрээс 2-3 дахин том. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал дөрөв дахин том гэгддэг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин бага татвар төлдөг. 2017 онд “Эрдэнэт” 518 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол Оюутолгой 283 тэрбум төгрөгийн татвар төлсөн байдаг. Ийм байхад өнөөдөр хамгийн том татвар төлөгч гээд ичихгүй худлаа хэлээд байгаа юм. Нэг хэсэг нь тэдний төлөө голын нөгөө эрэг дээр зогсоод байдаг нь л гутамшиг байхгүй юу. Улс эх орныхоо үндсэн эрх ашгаас урваж болдог ийм тогтолцоо бүрдчихсэн байна.
-Оюутолгойн бүтээн байгуулалтын үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?
-“Эрдэнэт” дээр жишээ хэлье. “Эрдэнэт”-ийг дагаад 100 мянган хүнтэй хот босчихсон байна. Гэтэл Оюутолгойд ажиллаж байгаа хүмүүсээс гадна ханган нийлүүлэгч компаниудын ажилчдын тоог оруулаад 10 мянга гаруй хүний амьдрал гэж яриад байдаг. Гэвч гурван сая хүний эрх ашиг үүний ард байгаа гэдгийг санах хэрэгтэй. Эрдэнэт хот өнөөдөр 100 гаруй мянган хүний амьдрал авч яваад болж л байна. Өнөөдөр гэхдээ гэрээ буруу болчихлоо гэдгийг амьдрал дээр харуулж байна шүү дээ. Оюутолгойн гэрээг эсэргүүцэж, кноп дарсан олон хүн байдаг. Хамгаалдаг ч хүмүүс байгаа. Бид эх орноо худалдаж, зарахаа болих цаг нь болсон.
-УИХ-аас Оюутолгойн санхүүжилтийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн бий юу?
-Ашиг сонирхлын зөрчилтэй ганц нэг хүн орсон байгааг боль гэж хэлсэн. Ажлын хэсэг гэрээг өөрчлөх хэмжээнд дүгнэлт гаргах уу, үгүй юу гэдэгт би эргэлзэж байна. Гол асуудал нь 1.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил буюу бичиг баримтгүй мөнгө байгаа. Энэ мөнгө юуны мөнгө вэ, авлигын мөнгө үү гэдгийг шалгах ёстой. Дубайд очоод үүнийг хэрэгсэхгүй болгочихсон шүү дээ. Оюутолгойн авлига гадаадад явагдсан гэж бодож байна уу. Дотроосоо хайж олох ёстой. Тэр 1.2 тэрбум ам.долларыг Монголын өр болгочихоод, татвар төлөгч ард түмнээр төлүүлэх гэж байгаа шүү дээ.
-Оюутолгойн бодит зардал буюу өр 16 тэрбум ам.долларт хүрээд байгаа гэдэг үнэн үү? Хэрэв тийм бол бид 34 хувийг нь эзэмшдгийн хувьд төлөлцөж таарна. Монголын баялаг учраас Оюутолгойн зардлыг 100 хувь бид даасан гэж ойлгогдох гээд байна шүү дээ.
-Маш чухал асуудлыг хөндөж асуулаа. Оюутолгойн зүгээс Монголын ашгийг бууруулж байгаа арга нь маш зальтай. Зардлаа өсгөх замаар явдаг. Зардлаа өсгөснийхөө төлөө зургаан хувийн урамшууллыг менежментийн баг нь авдаг. Үр ашиггүй байлгах тусмаа менежментийн баг нь өндөр ашиг авдаг. 2010 оны ТЭЗҮ-ээр хөрөнгө оруулалтын зардал нь 5.1 тэрбум, нийт зардал нь 14.6 тэрбум байна гэсэн. Гэтэл 2015 оны ТЭЗҮ-ээр өөрийн чинь асуугаад байгаа хөрөнгө оруулалтыг 18.3 тэрбум ам.доллар болно гэсэн бол зардал нь 32.9 тэрбум ам.доллар гэсэн байгаа юм. Даруй хэд дахин өсчихсөн. Нийт зардал нь 72 тэрбум ам.доллар болох буюу 257 хувиар өсч байгаа. Энэ бол жинхэнэ луйвар. Үүнийг няцаа л даа.
-Бид энэ асуудлаа яриад, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулъя гэвэл нөгөө талаас Арбитрт хандана гэдэг асуудлыг хэлэх болов уу?
-Хэзээ ч “Рио Тинто” биднийг Арбитрт өгч чадахгүй. Яагаад гэхээр өөрсдөө унана. Манайх харин өгдөг бол ялах байхгүй юу. Эд гэрээ олон удаа зөрчсөн шүү дээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн асуудлыг л ярих ёстой. Дубайн гэрээг УИХ-д танилцуулахгүйгээр хийчихсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг эргэн ярих нэг асуудал юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хууль эрх зүйн орчин байгаа. Жишээлбэл, Монгол Улсад гадаадын иргэн үйл ажиллагаа явуулсан бол орлогын 20 хувийг татварт төлөх ёстой гэж байдаг. Гэтэл Оюутолгой төлдөггүй. Энэ бол жилдээ 100 сая ам.доллар буюу 2 тэрбум гаруй төгрөг болно. Ашиглалтын 30 жилийн хугацаанд 3.1 тэрбум ам.доллар гэсэн үг. Үүнийг Дубайд байхгүй болгосон. Одоо ч гэсэн энэ мөнгийг төлөхгүй байгаа. Төлөх ёстой тогтворжилт нь алга л даа.
-Зардал 257 хувиар өссөн гэхээр монголчуудад өдөрт ногдох өрийн хэмжээ “Эрдэнэт” үйлдвэрийнхээс их болж байна гэсэн үг үү?
-Айхтар өндөр тоо болно. Зардал өсөхийн хэрээр удирдлагын багийн цалин өсөөд байдаг. Зардал нь өсөөд байдаг. Хүүгээс болж байгаа юм. 34 хувийг зээлчихсэн. Тэгээд чамаар төлүүлэхгүй, хүүгээс нь хүү бодоод явчихдаг. Хичнээн сая ам.долларын хүү бид алдаж байгаа. Бид өнөөдөр 6-8 хувийн л ашиг хүртээд баймааргүй байна шүү дээ. Чиний хонийг зарчихаад, зургаан мянган төгрөг өгөөд байгаатай л адил. Монгол Улсын төсвийн орлогын 50-60 хувьтай тэнцэх борлуулалтыг Оюутолгой өнөөдөр хийж байна.
-Оюутолгойтой холбоотой асуудлаар хэд хэдэн хүнийг баривчиллаа. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?
-Ямар ч байсан баривчилж, шалгадаг юм байна гэдгийг ойлгуулсан үйл явц мөн. Дараа дараагийн хүмүүст ч сургамж болно. Ард түмний юмыг хулгайлж болохгүй гэдэг айдастай амьдрах ёстой.
Ц.ТАМИР