19 дүгээр сургуулийн барилгыг шинээр барина
2018.04.18

19 дүгээр сургуулийн барилгыг шинээр барина

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл болон бусад албаныхан 19 дүгээр сургуулийн сурагчдыг түр шилжүүлэн суралцуулах асуудлаар 42 дугаар сургуулийн захиралтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улсын төсөвт 2018 онд нийт 34 сургуулийг шинээр барих буюу өргөтгөх ажлыг тусгасан. Энэ ажил 2018-2019 он дамжин хэрэгжих юм. Ашиглалтын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг буулгаж шинээр барих ажил төслийн хүрээнд хийгдэнэ. Тус ажлыг эхлүүлэхийн өмнө суралцагчдыг хэрхэн хоцрогдолгүйгээр үргэлжлүүлэн сургах вэ гэсэн асуудал бидний өмнө тулгардаг. Энэ жил Баянгол дүүргийн хэмжээнд 19 дүгээр сургууль болон гурван цэцэрлэгийг буулгаж шинээр барих ажил өрнөнө. Өнөөдрийн байдлаар 19 дүгээр сургуулийн барилгыг буулгаж шинээр барихын тулд тус сургуулийн 500 орчим хүүхдийг 42 дугаар сургуульд түр шилжүүлэн суралцуулах асуудлаар холбогдох албаныхантай уулзаж шийдвэрлэлээ. Нийслэлийн хэмжээнд хоёр жилийн өмнө 34 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Өнгөрсөн онд 10 гаруй сургуулийн байрыг шинээр барьж, өргөтгөл хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар дээрх тоо 20 болж буурсан” гэв.  

19 дүгээр сургуулийн захирал Р. Өлзийбаяр “19 дүгээр сургуульд нийт 1300 гаруй хүүхэд суралцдаг. Бага сургуулийн байранд 800 гаруй, дунд ахлах ангийн сурагчдын байранд 500 орчим хүүхэд суралцдаг. Дунд ахлах ангийн хүүхдүүд суралцдаг байр 1956 онд баригдсан. Энэ жил тус барилга ашиглалтын шаардлага хангахгүй байгаа учраас буулгаж шинээр барихаар болсон. Ингээд манай сургуулийн 15 бүлэг 42 дугаар сургуульд түр шилжин суралцахаар болоод байна. Тус асуудлыг шийдвэрлэж өгсөн холбогдох албаныханд баярласнаа илэрхийлэе” гэлээ.

42 дугаар сургуулийн захирал Ц.Даваадоо “Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгдэж, 19 дүгээр сургууль хичээлийн шинэ барилгатай болох гэж байгаад баяртай байна. Бид бие биедээ туслах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд мөн 19 дүгээр сургуульд суралцдаг гэсэн судалгаа бий. Тиймээс манай сургуулийнхан сургалтын нэг байрыг чөлөөлж 19 дүгээр сургуулийн хүүхдүүдийг сургалтад хамруулах бодолтой байна” гэсэн юм.