Биеийн тамир, спортын салбарын улсын тооллогын дүнг танилцууллаа
2018.04.16

Биеийн тамир, спортын салбарын улсын тооллогын дүнг танилцууллаа

БСШУСЯ, ҮСХ, Биеийн тамир спортын газар хамтран биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг, тооллогыг анх удаа зохион байгуулж, тайлан тархаах дүнгийн хурал хийлээ. 

Улсын нэг удаагийн үзлэг, тооллогыг 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 2018 оны 2 дугаар сарын 1 хүртэл хугацаанд орон даяар зохион байгууллаа. Тооллого зохион байгуулахад аймаг, нийслэл, дүүргээс 30 түр товчоо байгуулагдаж, сум хороодод 548 тоологч ажилласан байна. 

Улсын хэмжээнд зохион байгуулсан уг тооллогын үр дүнд биеийн тамир, спортын салбартай холбоотой нарийвчилсан статистик мэдээллүүдийг гаргаад байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд нийт 985 биеийн тамирын зориулалт бүхий заал байгаагаас 272 нь Улаанбаатар хотод, 713 нь хөдөө орон нутагт байна. Цаашлаад заалны талбайн хэмжээгээр Дархан-Уул, Хөвсгөл аймаг улсдаа хамгийн томд тооцогдсон бол нэг хүнд ногдох заалны талбайн хэмжээгээр Өмнөговь аймаг тэргүүлжээ. Энэ мэтчилэн биеийн тамир, спортын салбарын статистикийн олон суурь үзүүлэлтүүдийг тодорхой болгож, цаашдын бодлого, төлөвлөлтдөө уялдуулах зарчим баримтална гэдгийг салбарын удирдлагууд хэллээ.

Түүнээс гадна энэхүү үзлэг, тооллогын зорилго нь иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх заал талбайн хүртээмж, ашиглалт, барилга байгууламжийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэхэд оршино. Мөн цол, зэрэгтэй тамирчид, шүүгч, дасгалжуулагчдын мэдээллийг гаргах зорилготой байсан.

Улсын үзлэг, тооллого нь төр засгийн бодлогыг нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, үндэсний бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулах, спортын салбарын төлөвлөлтийг хийхэд онцгой ач холбогдолтой юм.