Улаанбаатар хотын 380 жилийн ойг зохион байгуулах хорооны хурал боллоо
2018.04.13

Улаанбаатар хотын 380 жилийн ойг зохион байгуулах хорооны хурал боллоо

Улаанбаатар хотын 380 жилийн ой ирэх жил болно. Нийслэлийн тэгш жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг НИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн сарын сүүлчээр баталсан юм.

Уг тогтоолоор байгуулагдсан ойг зохион байгуулах хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хуралдааны эхэнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол болон ойг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцуулж, хорооны гишүүдээс саналыг сонссон юм. Гишүүдээс нийслэлийнхээ тэгш жилийн ойг бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гарган батлуулж, шаардлагатай төсөв санхүүг ирэх 2019 оны төсөвт суулгах нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа.  Мөн иргэд рүүгээ хандсан олон ажил санаачлан хийх, дүүрэг бүр бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болох, Улаанбаатар хотод зочлох жил болгох зэргээр олон санал санаачлага гаргав.

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах хорооны орлогч дарга, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хуралдааны төгсгөлд “жилийн ажлын төлөвлөгөөнд тусгуулах өөрсдийн хийж хэрэгжүүлэх ажлын саналаа ирүүлэх, дүүргүүд дор бүрнээ ажлын хэсэг байгуулан жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлэх, жилийн хугацаанд  хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд иргэдээс санал авах” зэрэг үүрэг чиглэлийг хорооны гишүүдэд өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.