Нягтлан бодох бүртгэлийн улсын 21 дэх олимпиадыг зохион байгууллаа
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс Нягтлан бодох бүртгэлийн 21 дэх олимпиадыг зохион байгуулжээ.
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын шилдэг оюутнуудыг шалгаруулах, ирээдүйн мэргэжилтнүүдийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, оюутнуудын биеэ дайчлан суралцах идэвхийг өрнүүлэх, багш нарын туршлага арга барилыг харилцан баяжуулахад туслах, нягтлан бодох салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах зорилгоор тус олимпиадыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ удаагийн олимпиадыг Монгол Улсын гавъяат эдийн засагч, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын 5 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын анхны гавьяат эдийн засагч аудитор Цэрэнгаваагийн Жигдэнгийн нэрэмжит болгон зохион байгуулжээ.
Олимпиадаас шилдэг сургууль, шилдэг багш, шилдэг 10 оюутныг шалгаруулдаг бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиадын аваргаар Н.Дамдиндорж багштай МУИС-ийн баг тодорч, 2-р байрт П.Доржпүрэв багштай СЭЗИС, 3-р байрт Г.Амарбаясгалан багштай Мандах ИС-ийн Дархан салбар сургууль, хувийн дүнгээр ТОП-10 оюутны 1-р байрт СЭЗИС-ийн 4-р курсын оюутан Э.Насантогтох шалгарлаа.