Н.Учрал: Боловсролын салбарт тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Н.Учрал
2018.04.25

Н.Учрал: Боловсролын салбарт тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч Байнгын хорооноос дэмжлэг авсангүй. Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар санаачилсан байна.

Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав.

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгаэх нь хамгийн бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.

Хууль санаачлагчид

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа шүүмжлэлтэй хандаж байлаа.

Тэрбээр “Боловсролын салбарын нэгдмэл байдлыг алдагдуулах эрсдэлтэй хууль байна. Боловсрол гэдэг том асуудлыг ярьж байж холбогдох яамнаас санал аваагүй, зөвхөн томилгооны сэдвийг тусгасан, нөхөөс тавьж байгаа мэт ажил хиймээргүй байна” гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

-Энэ салбарт тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй. Тун удахгүй боловсролын багц хууль орж ирнэ. Миний санал бол хөдөө орон нутагт хуулийн үйлчлэлийг өөр өөр байдлаар зохицуулж өгөхгүй бол тогтолцооны гажуудал үүсээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Гишүүн өөрт оногдсон бүрэн эрхийн хүрээнд боловсролын салбарт тулгамдсан асуудлыг зохицуулах хууль санаачилж байгаа нь сайшаалтай. Хуулийн төслийг дэмжиж байна. Ард иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол сургууль, цэцэрлэгийн удирдлага байдаг. Тэднийг томилох асуудал нийслэлийн Засаг даргын хэмжээнд яригдаад, сайн ч, муу ч ажилласан солигддоггүй, улстөржсөн хүмүүс сургууль удирдаад байна. Сургууль бол боловсролын байгууллага болохоос улс төрийн байгууллага биш. Тэгэхээр сургууль цэцэрлэгийн удирдлагыг сонгон шалгаруулах нь зөв. Дээр нь нэмээд лаборатори сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулах нь зөв гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

-Хуулийн төсөл санаачилж өргөн барих нь гишүүний бүрэн эрхийн асуудал хэдий ч гэлээ Засгийн газраас уг төслийг дэмжих боломжгүй гэсэн саналаа өгсөн байтал салбарын яамны байр суурийг сонсохгүйгээр асуудлыг оруулж ирж байгаа нь зохимжгүй юм. Нөхцөл байдлаас шалтгаалсан гэдэг нэрийн дор боловсролын салбарын хуулиудад байн байн нэмэлт, өөрчлөлт оруулж ирсэн нь салбарын цогц бодлого, боловсон хүчний тогтвортой байдалд алдагдахад хүргэж байна. Иймээс асуудлыг сууриар нь харж, боловсролын багц хуулийг цогцоор авч үзэж шинэчлэх шаардлагатай гэж салбарын яам үзсэний үндсэн дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Багц хуулийн шинэчлэлийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг төвлөрлийг сааруулах үүднээс хуулийн төслийг дэмжээд чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа, хэрэв нэгдсэн хуралдаанаар дэмжигдвэл ажлын хэсэг гаргаад нухацтай хэлэлцье гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 8 нь буюу 67.1 хувь нь хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй.