“Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг уриалав
2018.04.30

“Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг уриалав

Ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд төр засаг, ажил олгогчдыг МҮЭ-ийн холбооноос уриалж 1000 гишүүний уулзалт зөвлөгөөнийг МҮЭСТО-д зохион байгууллаа.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нээлтийн үгэндээ:

-Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш /4.28/ тохиож байна. 
Ажилчдын цалин хөлс, хувь хүний хөгжил гэхээс илүү ХАБЭА-н асуудал хамгийн чухал. Эрүүл, хөдөлмөрийн чадвартай хүний хөгжил, цалин хөлсний талаар бид ярьж болно. 
Дэлхийн улс орнууд аюул ослыг тэглэхийн төлөө нэгдэж байна. Энэ хөдөлгөөнд Монгол улс нэгдэх ёстой. Энэ хөдөлгөөний магнайд МҮЭ-ийн холбоо олон мянган гишүүнийхээ хамт нэгдье гэдэг том зорилтыг тавьж, өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.
Тэрээр, ХАБЭА-н тухай хуулийг 2008 онд бие даасан хууль болгож УИХ-аас баталснаас хойш үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буураагүй. Ослыг тэглэхийн төлөө олон ажил өрнөж, энэ чиглэлээр ажилладаг ТББ-уудын тоо нэмэгдсэн. Харин одоо Төр, ТББ-ууд нэгдэж, үйлдвэрлэлийн ослыг тэглэхийн төлөө ажиллах цаг нь болсон. ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө МҮЭ-ийн холбоо цаашид хүчтэй ажиллана хэмээн онцлов. 

Тус зөвлөгөөнд НХХЯ, МХЕГ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирснээс гадна МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд, ҮЭ-ийн хороодын ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцлоо.

“Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” стратеги нь зөвхөн уриа лоозон бус бодит ажил болох ёстой. Өнөөгийн хөдөлмөрийн нөхцөл, харилцаанд осол, гэмтэл тууштай буурахгүй байгаагаас Засгийн газар, Ажил олгогчид энэхүү стратегийг дэмжиж, нэгдэх зайлшгүй шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдэн уриалга гаргалаа.

Уулзалт зөвлөгөөний үеэр салбар, нийслэлийн ҮЭ-үүд ХАБЭА-н чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, таниулах үзүүлэн, материалаар үзэсгэлэн гаргаж толилууллаа.