2018.04.26

Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэхдээ одоо мөрдөгдөж байгаа хуулиа дордуулахгүй байх ёстой

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар MNB телевизийн "Онцлох зочин" нэвтрүүлэгт оролцож, 5 дугаар сарын 1-нд зохион байгуулах жагсаалынхаа тухай дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

-Ажил олгогч эзэд, Засгийн газар, МҮЭХ-ны гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт үеийн үед яригдаж байна. 5 сарын 1-нд болох жагсаалт үүнтэй холбогдолтой юу?

-Сүүлийн 4 жилийн хугацаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. Энэ хүндрэлтэй холбоотойгоор хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн улсын 3 талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар удаа дараа зөрчсөн. Цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрны баталгааг хангуулах чиглэлээр хүлээсэн үүрэг сүүлийн 4-5 жил хэрэгжилт муу байна. Үүнээс болж иргэдийн бухимдал их байна. Энэ чиглэлээр 2017 оны 10 сард улсын гурван талт хэлэлцээрт тодорхой нэмэлтүүд оруулсан. Энэ нэмэлтийн хүрээнд цалин хөлсийг 2018 оны 2-р улиралд багтаан хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэнэ гэдэг үүргийг Засгийн газар хүлээн авсан. Харамсалтай нь МҮЭХ 3 сараас хойш 5 удаа албан тоотоор хандаж, улсын гурван талт хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлье, хэлэлцээрээр хүлээсэн цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаа тодорхой болгоё гэдэг албан ёсны шаардлагыг хүргүүлсэн боловч энэ хугацаанд хэлэлцээрийг эхлүүлсэнгүй, үр дүн гарсангүй. 

-Засгийн газраас ажлын хэсэг гаргасан гэж байсан?

-Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 3 талт хороог шаардлага тавьж хуралдуулсан. Энэ хуралдаанаас цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор хамтарсан ажлын хэсгийг гурван чиглэлээр байгуулсан. 4 сарын 4-нөөс хойш өнөөдрийг хүртэл 21 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд байгуулсан 5 ажлын хэсэг нэг ч удаа хуралдсангүй. Ямар нэгэн алхмыг Засгийн газрын зүгээс хийхгүй байгаа учраас бид МҮЭХ өнгөрсөн долоо хоногт хурлаа хийж, тэргүүлэгчдийн хурлаараа 5 сарын 1-ний өдөр буюу олон улсын эв санааны нэгдлийг илэрхийлдэг өдөр эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулах шийдвэр гаргасан.