ҮЭ-үүд ирээдүйгээ хэлэлцлээ
2018.04.24

ҮЭ-үүд ирээдүйгээ хэлэлцлээ

ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал хэлэлцүүлэг боллоо. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэлцүүлгийн нээлт дээр “Бид эв нэгдлээ хамгийн түрүүнд эрхэмлэх хэрэгтэй. ҮЭ-үүд шат шатандаа байнгын, тогтмол, ардчилсан үйл ажиллагаатай байх, дээр нь санхүүгийн чадавхитай байж гэмээ нь хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ” хэмээн онцолсон юм.

ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш:

Дэлхий нийт дижитал системд шилжиж, ажилчдын ажлын байрны баталгаа алдагдаж буй энэ үед МҮЭ-ийн холбоо Хөгжлийн хөтөлбөрөө ярьж байгаа нь цагаа олсон асуудал гээд олон улсад ҮЭ-үүдийн хуримтлуулж буй туршлага, зарим улс оронд хэрэгжсэн үр дүнтэй стратегийн шийдлийн талаар сонирхолтой мэдээлэл өгсөн юм

МҮЭХ-ны ЕНБД Г.Адъяагийн “МҮЭХ-ны төлөөлөх чадавхи, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, ”ФЭС-гийн хөтөлбөрийн менежер Ч.Оюунгэрэлийн “ҮЭ-ийн эрх мэдлийн үүсвэр”онолын үзэл баримтлалын танилцуулга, ОУХБ-ын төслийн үндэсний менежер А.Лхагвадэмбэрэлийн “Хөдөлмөрийн ертөнц-дэлхий дахинд”, МҮЭХ-ны Залуучуудын хорооны дарга Э.Тамирын ҮЭ-ийн байгууллагуудад тулгамдаж буй сорилтууд, МТХГТАҮЭХ-ны дарга Б.Рагчаагийн Хувийн хэвшилд ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрхийн байдал, цаашдын чиг хандлага, ФЭС-гийн хөтөлбөрийн менежер Б.Сарангуагийн Олон улсад албан бус салбарт ажиллагчдын ҮЭ-д нэгдсэн сайн туршлаг/бодит бичлэг бүхий/-ын талаарх илтгэлүүдийг оролцогчид сонслоо.
МҮЭХ-ны эрх мэдлийн эх үүсвэр юу вэ, ҮЭ-ийн эрх мэдлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, Гишүүнчлэл нэмэгдүүлэх кампанит ажлын стратеги хэрхэн боловсруулах вэ гэдэгт салбар, аймаг, нийслэл, томоохон ҮЭ-ийн хороодын дарга нар багаар ажилласан юм.

Чиглүүлэгчээр Ч.Оюунгэрэл, М.Ганаа, Э.Тамир нар ажиллаж, багийн гишүүдээс гарсан саналыг нэгтгэн танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Шат шатны хэлэлцээрийн чанарыг сайжруулах, дуу хоолойгоо хүчтэй хүргэх, мэргэшсэн хүчирхэг хүний нөөцтэй байх, сургалт, сурталчилгааны чанар чансааг сайжруулах, ҮЭ бүр гадаад харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
МҮЭХ-ны ЕНБД Г.Адъяа өнөөдрийн хэлэлцүүлгийн ач холбогдол, оролцогчдын саналыг ийнхүү дүгнэв.

-ҮЭ-ийн хүч чадлын гол агуулга бол гишүүдийн тоо, түүний төлөөлөх чадвар. Бид үйл ажиллагааныхаа үр дүнгээр гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөх явдал. Гишүүнчлэлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ одоо байгаа гишүүдийнхээ амьдралын чанар, хөдөлмөрийн үнэлэмж, нөхцлийг сайжруулахын төлөө илүү идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Нөгөө талаар ҮЭ-д эвлэлдэн нэгдээгүй олон мянган хүнийг хамгаалалтад авах хэрэгтэй. Энэ асуудалд ҮЭ-үүд бүгд хамтарч ажиллах шаардлагатай. 

Хөдөлмөрийн тухай хуулийг өнөөгийн түвшнээс нь бууруулахгүй байх бодлогыг бид баримталж байна. Засгийн газраас МҮЭ-ийн холбоо хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардсаар байгаа гэлээ.