Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд Төр болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллана
2018.05.01

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд Төр болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллана

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд Төр болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллана.

Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр болон иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх шаардлага нэн тэргүүн тавигдаж байна. Энэ ч үүднээс өнөөдөр МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны санаачилгаар ХЭҮК, МХЕГ, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Монголын Хуульчдын холбоо, МЗХ, ХХҮЕГ хамтран залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Монгол Улсад хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 35,3 орчим хувийг эзэлдэг бөгөөд залуучуудын ажилгүйдлийн төвшин улсын дунджаас даруй 2,5 дахин илүү гэсэн статистик мэдээлэл байна.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээний нээлтийн үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үндсэн гол дөрвөн үзүүлэлт хангалтгүй хэрэгжиж байгаа. Иймээс энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар хөдөлмөр эрхлэлт тэр дундаа залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар төр болон иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, үндэсний болон орон нутгийн төвшинд харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, сурталчилгаа явуулах, тулгамдаж буй асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах, гадаад дотоодын сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах юм. Мөн ОУХБ, Европын холбооны дэмжлэгтэйгээр хамтын ажиллагаанд нэгдэж буй байгууллагуудын асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах, залуучуудын хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор цахим кампанит ажил өрнүүлэх, нийслэл, орон нутагт төслийн хүрээнд хамтран сургалт, судалгаа хийхээр тохиролцов.