Далан дахь хаягдлаа дахин боловсруулахаар төлөвлөжээ
Лондоны металлын биржид өчигдрийн байдлаар тонн цайр 2968, хар тугалга 2274 ам.долларын ханштай байв. Зах зээл дэх ханш нь харьцангуй тогтвортой байдаг эдгээр бүтээгдэхүүнийг Монголын зүүн бүсэд, тодруулбал, Дорнод аймагт баяжуулан, экспортолдог. Дээрх хоёр таваараас гадна нүүрс, газрын тос зэрэг байгалийн баялгийн нөөцтэй Дорнод, Сүхбаатар аймагт Уул уурхай, хунд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 4-6-нд ажиллалаа.
Орон нутагт томилолтоор ажиллах болсон тэрбээр баасан гаригт Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанийн үйл ажиллагаатай танилцсанаар ажлаа эхэлсэн юм. Чойбалсангаас хойш 125 км-т орших үйлдвэрт нь очихын тулд энхэл донхолтой шороон зам туулах боллоо.
Далд уурхайгаас хүдэр олборлон, хар тугалга, цайрьн баяжмал нийлүүлдэг тус компанийнхан Улааны ордын нөөцөө 38 сая тонн хэмээн тооцоолсон байна. Ордын нөөцийг дахин тооцож, нэмэгдүүлэхээр ажиллаж буй гэнэ. Түүх сөхвөл тус компани 2004 оны тавдугаар сард байгуулагджээ. Улааны болон Мухарын ордын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд хар тугалга, цайрын Улааны ордыг түшиглэн 130 сая ам.долларын хөрөнгө оруулж баяжуулах үйлдвэрээ барьсан аж. Тэнд бусад улсад өргөн хэрэглэдэг цианиднатригуй хөөсрүүлэн баяжуулах технологи ашигладаг юм байна. Улааны ордын баяжуулах үйлдвэр нь хүдэр бутлах, нунтаглах, хөөсрүүлэн баяжуулах баяжмал шүүн хатаах гэсэн технологийн үндсэн гурван хэсэгтэй. Өдөрт 3000 тонн буюу жилд 900 мянган тонн хүдэр боловсруулах боломжтой. Гэхдээ Дорнодын ДЦС-ын эрчим хүчний нийлүүлэлт хязгаарлагдмал, тогтворгүй тул үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй буйгаа дээрх компанийнхан хэлж байлаа. Энэ нь үйлдвэрлэлийн өртгийг нь нэмэгдүүлэхэд хүргэж буй юм байна. “Шинь Шинь” компанийн дэд захирал У.Хөхбар “Бид өдөрт 1500 тонн хүдэр боловсруулж байгаа. Эрчим хүчний дутагдлаас шалтгаалж үйлдвэрийн нэг системээр ажиллаж байгаа” гэв. Тус компанийнхан үйлдвэрийнхээ хүчин чадлын 60 хувийг ашиглаж буй аж.
Тэд ордоос 18 км-т орших Сэвсүүлийн хөндийн Ногоон бүрдээс гүний ус авч ашигладаг. Ашигласан усаа хаягдлын санд хуримтлуулан, эргэлтийн усан сангаар дамжуулан, цэвэршүүлээд үйлдэртээ дахин хэрэглэдэг гэнэ.
Ер нь “залгисан” усныхаа 80 хувийг нь эргүүлэн ашигладаг аж. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэн ажилладаг, тухайлбал, орчны хяналт, шинжилгээний хөтөлбөрт ажлын хүрээнд орчны хөрс, ус, агаараас дээж аван, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдгээ дурдаж байсан. Түүнчлэн дүйцүүлэх нөхөн сэргээлт хийж буй бөгөөд үйл ажиллаагааны төлөвлөгөөндөө хэчнээн сая төгрөг оруулахаа тусгадаг байна. Тэд цаашид далан дахь хаягдлаа дахин боловсруулахаар төлөвлөж байгаа юм билээ. Гэхдээ энэ нь одоогоор судалгааны түвшинд буй гэсэн.
Тус компанийнхан баяжмалаа Чойбалсан хотын “Баянтүмэн” өртөөнд хүргээд, хойд хөршийн Зайбальск, Манжуур чиглэлийн авто, төмөр замын холимог тээврийн маршрутаар олон улсын транзит тээвэр хийж, зах зээлд борлуулдаг аж. 2016 оны зургадугаар сараас үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эргэн сэргээж (Ашиглалтын хоёр лицензийнх нь нэг дээр асуудал үүссэнээс болоод 2011-2016 онд үйл ажиллагаагаа зогсоон, алдагдал хүлээсэн тул хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь хойшилж байгаа), арваннэгдүгээр сард нь далд уурхай, баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж байж. Дээрх хугацаанаас хойш өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцэс хүртэл нийт 1.15 сая тонн хүдэр олборлосон байна. 1.25 сая тонн хүдэр баяжуулж, 73 147 тонн цайр, хар тугалганы баяжмалыг Хятадын зах зээлд нийлүүлсэн тухайгаа танилцуулсан юм. “Шинь Шинь”-ийнхэн 2016 оноос улс, аймгийн төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ), НӨАТ, ХХОАТ, ус ашигласны төлбөр, тээврийн хэрэгслийн албан татвар, гаалийн татвар зэрэг нийт 41.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлжээ. Үүнээс орон нутагт 5.9, нийгмийн даатгалын шимтгэлд 3.33 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн гэнэ. Тэгвэл энэ онд 600 мянган тонн хүдэр олборлон баяжуулж, 35 мянган тонн баяжмал үйлдвэрлэх, улмаар 20 тэрбум төгрөгөөс дээш татвар шимтгэл төлөх төлөвтэй юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд АМНАТ-т 4.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж.
Холимог металлын орд гэхээр баяжмалд дээрх хоёроос гадна алт, мөнгө, зэс, төмөр агуулагддаг.
Алиных нь агууламж хэр байгааг лабораториор шинжлүүлэн, АМНАТ өгдөг байна. “Шинь Шинь” компанийн Ашиглалт, төлөвлөлт хариуцсан инженер Ч.Баттогтохын хэлснээр хүдэр дэх хар тугалганы агууламж 58-61, цайрынх 41-45 хувь гэнэ. Цайрыг гэхэд гар утас, машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл зэрэг олон зүйлд ашигладгийг уншигч та мэдэх биз ээ. Сонирхуулахад, хар тугалга, цайрын дараа хүдэрт хамгийн их агуупагддаг нь мөнгө гэнэ. Тэд бүтээгдэхүүнээ зах зээл дэх тухайн өдрийн ханшаар нийлүүлдэг агаад хил дээр тээвэрлэлтийн ямар нэг хүндрэл гардаггүй байна.
Одоогоор “Шинь Шинь”-д 460, туслан гүйцэтгэгч байгууллагуудынхныг оролцуулбал нийт 660 гаруй монгол хүнийг ажлын байраар хангаж буй аж.
Энэ оны нэгдүгээр улирлын байдааар “Шинь Шинь”-ийн ажилчид сард дунджаар 800 мянган төгрөгийн цалин авч буй агаад өнгөрсөн сард дээрхийг 100 мянгаар нэмэхээр шийдвэрлэжээ. 2017 онд дотоодын үйлдвэрлэгч компаниудаас 20 тэрбум төгрөгийн үйлдвэрлэлийн болон ахуйн бараа материал авсан тус компанийнхан далц уурхайн баганат дүүргэлтийн технологи нутагшуулахаар төлөвлөж буй юм байна. Монгол Улсад энэ талаар стандарт, дүрэм журам байхгүй тул баталж өгөхөд анхаарал хандуулахыг Д.Сумъяабазар сайдаас хүснэ билээ. Канадад нэлээд ашигладаг уг технологийг нэвтрүүлэх нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, гүний ус ашиглах хэмжээг багасгах зэрэг ач холбогдолтой гэнэ. Дашрамд дурдахад, далд уурхайд нь 150 орчим монгол хүн ажиллаж байна.
Баяжуулах үйлдвэрийн болон далд уурхайн үйп ажиллагаатай танилцсаныхаа дараа сайд Д.Сумъяабазар “Хөгжих ихээхэн боломжтой бүс нутаг бол зүүн бүс. Өнгөт металл, газрын тос, нүүрс зэрэг байгалийн баялгийн нөөцтэй, дэд бүтэц хөгжих боломжтой учраас тэр. Тогтвортой хөгжлийн бодлого баримталж байж хөрөнгө оруулалт татан, улс хөгжихөд тустай гэсэн байр суурьтай байгаа. Уул уурхайн салбарт өндөр технологи нэвтрүүлэх бодлого баримтална. Уурхайнуудын байгаль орчинд үзүүлэх нөлөө, монгол ажилчдын ажиллах орчин зэрэг олон зүйлийг газар дээр нь харж, нөхцөл байдалтай танилцах нь зүйтэй гэж үзсэн. Хамтын ажилпагаа Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна” хэмээлээ. Мөн тэрбээр “Ажилчдын аюулгүй байдал, цалин хөлсөд анхаарах нь зүйтэй. Эрчим хүч дутагдаж буйг яаралтай шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. “Шинь Шинь компанийн ажилчдын 80 хувь нь монголчууд байгаа гэлээ. Үүнд талархаж байна. Та бүхэн орон нутгийнхантай хамтран ажиллахад анхаараарай. Худалдаа нь давхар ажлын байр бий болгох ач холбогдолтой. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах ёстой” хэмээв. Салбарын сайд аюулгүй ажиллагаанд хайнга хандаж болохгүйг анхааруулаад, талууд эрх ашгаа нийцүүлэх ёстойг онцолсон.
Түүнтэй хамт Дорнод аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун болон УУХҮЯ, АМПТ-ын зарим удирдлага, мэргэжилтэн хамт явсан юм. УИХ-ын гишүүн ХБолорчулуун “Гадаадын компаниуд ямар техник, технологи хэрэглэж, нэвтрүүлж байна вэ, монгол ажилчдын цалин хөлс, хангамж, ажлын байрны нөхцөл ямар байна вэ, уурхайн байгаль орчинд үзүүлж буй нөлөө, гадаадын хөрөнгө оруулагч нарт ямар боломж байгааг газар дээр нь харж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна. Уул уурхай бол манай улсын тэргүүлэх салбар. Талууд харилцан ашигтай байх зарчим баримтлах ёстой” гэлээ.
Байгалийн баялагтай ч хөгжлийн гараан дээр хараахан ирж амжаагүй, ажин түжин гэж болох зүүн бүс дэх аж ахуйн нэгжүүдэд тулгардаг бэрхшээл нь эрчим хүчний хангамж гэдэг нь анзаарагдаж байв, Дорнодын ДЦС 36 мВт хүчин чадалтай нь харьцангуй бага. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тус станцын хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөхөөр тусгасан төдийгүй энэ ажлыг 2020 онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Ямартай ч үүнд УУХҮ-ийн сайд анхаарах бололтой. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Адуунчулууны уурхай, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй “ПетроЧайна дачин Тамсаг”, өчигдөр “Цайрт минерал” компанийн үйл ажиллагаатай танилцсан талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Ч.БОЛОРМАА