2018.05.11

О.Баасанхүү: Ажилгүй иргэдийг яаж ажилтай, орлоготой болгох вэ?

УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,  хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Уг нь 5 үйлдвэрийн ядаж 2 үйлдвэрийн шавь тавих болов уу? гэж харж байгаа. Зөвхөн Монгол хүнсээ идэх, Газрын тосны үйлдвэр юу болсон бэ? Ажлын байраар иргэдийг яаж хангах гэж байна вэ? Бид ярихаараа төмөр зам ярьдаг, энэ хэрэгтэй. Гэхдээ иргэдэд ажлын байр хэрэгтэй байна. Та бүхэн 65-уулаа байгаа. Бодлогоо гаргаад ажиллах хэрэгтэй. Талцалаа хойш нь тавь, өмнөх Засгийн газраас хойш юу хийсэн бэ? Дархан, Эрдэнэтийн зам арай дэндүү байна. Архины асуудлаа шийдээч ээ. Сувилагч нарын цалинг нэмэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:Төсвийн хүрээний асуудал яригдаж байгаа. Ажлын байр бий болгох тал дээр анхаарч байна. Хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс 1,2-1,5 сая иргэн байна.

Хувийн хэвшлээ дэмжиж байж, ажлын байр нэмэгдэнэ.

Иймд Эдийн засгаа цэгцлэх хэрэгтэй. Энэ ажил явагдаж байгаа. Төсөвт төвлөрч байгаа орлогыг харахад хувийн хэвшлийн ажил идэвхижиж байна. Төр өөрөө үйлдвэр барьдаг бодлогоосоо татгалзсан. Харин хувийн хэвшилд боломж олгох хэрэгтэй.