С.Амарсайхан : Сувилагч хүн гэдэг өвчтөний өмгөөлөгч, дотны найз болсон эрхэм хүмүүс юм
2018.05.11

С.Амарсайхан : Сувилагч хүн гэдэг өвчтөний өмгөөлөгч, дотны найз болсон эрхэм хүмүүс юм

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилагчид өнөөдөр баярын хурлаа хийлээ. Тус хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцож, цагаан нөмрөгт баатрууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрээр, “Дэнлүү барьсан эмэгтэй хэмээн дэлхийд алдаршсан Английн сувилагч Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэж, Олон улсын сувилагч нарын өдрийг түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-нд тэмдэглэдэг болсноор манай улс 22 жилийн нүүр үзэж байна. Сувилагч хүн гэдэг эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтнүүд билээ. Та бүхний ариун үйлст өндөр амжилт хүсэн ерөөе” гэв. 

Улсын хэмжээнд энэ жилийн сувилагчдын баярыг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд нийт 320 гаруй ажиллагсадтай бөгөөд 130 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн дүүргийн 7 хорооны 6989 өрхийн 40 гаруй гаруй хүн амд үйлчлэхээс гадна Тэрэлжийн сав нутаг, Аржанчивлан, Хоолт, 4 дүгээр зөрлөг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сум зэрэг дүүргийн харъяа алсын 120 км радиус бүхий хүрээнд байршсан цэгүүдийн хүн амд тусламж үйлчилгээг үзүүлж байна

.Тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс сувилагчдын баярыг угтан сувилагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцох зэргээр олон талт үйл ажиллагааг зохион явуулсан гэдгийг Сувилахуйн албаны дарга Т.Тунгалаг онцолсон юм. 

Мөн энэ үеэр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн тэнхмийн эрхлэгч, сувилахуйн ухааны доктор Д.Солонго “Сувилахуйн тусламж үйлчилгээний олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, “дэлхий нийтэд сувилахуйн чиг хандлага өөрчлөгдөн зөвхөн биеийг эмчлэхээс гадна өвчтөний сэтгэлзүйд сувилахуйн тусламж үзүүлэх арга зүй ноёлж байна” хэмээгээд сувилахуйн 14 үндсэн зарчмаа ямагт сахин биелүүлэхийг сануулав.