Малчид тогтвортой хөгжлийнхөө талаар зөвлөлдлөө
“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн 2018 оны 5 дугаар сарын 17-нд Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, олон улсын байгууллага, үйлдвэрлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчид нийт 850 хүн оролцож байна.
Зөвлөгөөний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын депутатууд, төр, нийгэмдээ ажил хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн алдарт малчид, улс, аймаг, сумын аварга малчид оролцож байна. Эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн малчид мал маллах уламжлалт арга ухаан, мэдлэг, тэргүүн туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, хамтдаа шийдэл хайн зөвлөлдлөө.
Малчдын зөвөлгөөнд 700 гаруй малчид оролцлоо
Зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлсэн үгэндээ: “Мал аж ахуйн салбарын хөгжил, бүтээмжийн хөдөлгөгч хүч нь та бүхэн билээ. Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, хүний сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулсан ухаалаг мал аж ахуй эрхлэх, энэ чиглэлийн арвин баялаг мэдлэг, туршлагаа байнга солилцож байх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлснээр экспорт өсөх боломж бүрдэх ба улмаар малчдын орлого нэмэгдэн, мал аж ахуйн салбарын чадавхи бэхжинэ” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Сүхбаатар аймгийн Халзан сумын Улсын аварга малчин Р.Мөнхтөр нийт малчдаа төлөөлж, зөвлөгөөний индэр дээрээс үг хэлсэн юм.
2017 оны Малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэний үндсэн дээр УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан, 2018 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжих бэлтгэл ажлаа хангаад байна. “Мал аж ахуйн тогтвортой хөгжил 2018” малчдын улсын зөвлөгөөн нь мал аж ахуйн салбарын суурь хуулиудыг тайлбарлан таниулж, Бэлчээрийн хуулийн тухай хуулийн төслийг танилцуулж, хуулийн төсөлд малчдын саналыг авах юм. Мөн бэлчээр ашигласны төлбөр авах нь зүйтэй эсэх, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах талаар харилцан санал солилцсон. Мөн малчдын эрүүл мэнд, нийгэм, боловсролын асуудлыг хөндөж, тулгамдаж буй асуудлаа эрэмбэлэн, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.
Мал аж ахуйн үйлдвэрлэл нь мянга мянган өрхийн амьжиргааны эх үүсвэр болж, орон нутгийн, улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхэнд 3.5 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна. Малын тоо 66,2 саяд хүрч, мал аж ахуйгаас 343,7 мянган тн мах, 891,5 сая литр сүү, 14,0 сая ширхэг арьс шир, 29,1 мянган тн ноос, 9,5 мянган тн ноолуур бэлтгэжээ.
Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-г өрнүүлж, мал эмнэлгийн болон мал үржлийн хавар, намрын технологит ажлуудыг орон даяар зохион байгуулах хөдөлгөөнийг санаачлан, шинээр “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийг 2018 онд тус тус баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Мөн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, “Монгол малчин”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих”, “Хоршоог хөгжүүлэх” зэрэг үндэсний хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.