Ардчилсан намд албан ёсны “отгон” фракц мэндэллээ
ҮЗХ-ны ээлжит хурлын босгон дээр АН-д нэгэн фракц албан ёсоор мэндэллээ. Энэ бол МоАХ. Хэдийгээр энэ байгууллага Ардчилсан намаас ч ах настай, Ардчилсан үзэл бармтлалын үрийг тарьсан боловч өнөөг хүртэл фракц болон жигүүрлээгүй ирсэн. Харин энэ удаа албан ёсоор МоАХ фракц болон мэндэлснээр намдаа отголлоо. Өөрөөр хэлбэл, МоАХ хамгийн урт настай хэрнээ, хамгийн залуу фракц болов.
Дүрмийн дагуу ажиллана
Энэ гэр бүлийн гал голомтыг бадраахаар АН-ын ҮЗХ-ны 80 гаруй гишүүн анхдугаар хуралдаа хүрэлцэн иржээ. Нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн олон төлөөлөгч МоАХ фракцад нэгдэхээ мэдэгдсэн байна.
МоАХ фракцыг байгуулахаар ийнхүү анхдугаар хуралдаа ирэхдээ тэд дор бүрнээ үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэд хэзээнээс л ийм нээлттэй, ил тод байсан. Фракц байгуулах бүх явц 100 хувийн санал авах зарчмын дагуу өрнөсөнгүй. Төлөөлөгчид МоАХ-ныхон анхнаасаа хүчтэй дуу хоолой байсан, энэ эрчээ алдахгүй явахыг сануулсан юм. Ингээд ардчилсан нийгэмд олонхийн саналаар бүхнийг шийддэг хуулийн дагуу МоАХ Ардчилсан нам доторхи хүчтэй фракц болох нь зөв хэмээн шийдэж, ийнхүү бүтэц, үйл ажиллагааныхаа чиглэлийг баталлаа.
АН доторхи фракц болон албан ёсоор байгуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, АН-ын Үндсэн дүрэм, журмыг баримталж үйл ажиллагаа явуулахаар болсон нь бусад фракцаас ялгаатай нь байлаа. Мөн АН-ын эрхэм зорилго, тулгуур үнэт зүйлс, эрхэмлэх зүйлсийг хамгаалж явахаа мэдэгдэв. МоАХ фракц байгуулагдах анхдугаар хуралд АН дотор талцан хуваагдах нь бусдад өгөөш болдгийг сануулахаа бас мартаагүй билээ. Тиймээс МоАХ фракцынхан бусдын өгөөш бололгүй, намын болоод Үндсэн хуулийн хүрээнд ажиллахаа ч анхдугаар хурлаараа тохиролцож авсан юм.
МоАХ фракцын Ерөнхий зохицуулагчаар Х.Баттулгыг сонгов
МоАХ фракцын бүтэц ч маш товч болоод тодорхой. АН-ын ҮЗХ-ноос сонгогдсон Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн гишүүдээс 9-11 нь тэргүүлэгч байна. Мэдээж, аливаа байгууллага толгойтой учраас Ерөнхий зохицуулагчаа сонгох ёстой байв. МоАХ 20 жилийн турш мөрдсөн ёсоороо дарга гэдэг үгнээс татгалзаж, Ерөнхий зохицуулагч хэмээн нэрлэсэн нь энэ юм.
МоАХ фракцын анхдугаар хуралдаанаар МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг АН-ын МоАХ фракцын Ерөнхий зохицуулагчаар томилов. Мөн тэргүүлэгч гишүүдийнхээ суудлыг фрак-цаасаа УИХ-ын танхимд суугаа гишүүддээ үлдээсэн юм. Ингээд цаашид ч монгол орны өнцөг булан бүрт МоАХ фракцын үйл ажиллагаа хүрэх боломж нээхээр орон нутагт салбар байгуулах эр-хийг мөн нээлттэй үлдээсэн юм.