С.Эрдэнэ клиник үхэлд орсон Ардчилсан намаа аварна
2010.11.17

С.Эрдэнэ клиник үхэлд орсон Ардчилсан намаа аварна


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр зангиагүй уулзалт зохион байгуулж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. С.Эрдэнийн хувьд хамтарсан Засгийн газрыг «стандарт бус» хэмээн хатуухан шүүмжилдэг гишүүдийн нэг.

 

Энэ удаа ч тэрбээр хамтарсан Засгийн газар болон бусдын дулаан өвөрт жаргаж байгаа намын дарга, бусад сайд нараа шүүмжилсэн юм. Өнөөдрийн хяналтгүй, хязгааргүй дархан эрхтэй төрийг бий болгосон АН сөрөг хүчнийхээ байр суурин дээр эргэн ирэх ёстой. МАН ч юм уу МАХН ч юм уу аль нь ч мэдэгдэхгүй энэ намыг даврааж байгаа намынхаа өмнөөс ичиж байгаагаа тэрбээр илэрхийлэв.Түүнийхээр бол АН клиник үхэлд орчихсон хүн шиг болсон. Харин бөхөөр бол толгойгоо уургалуулаад мэх хийж чадахгүй байгаа барьцгүй бөх гэнэ. Ийм байдалд орсон намаа аврахын тулд тэрбээр АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргаж намынхаа ээлжит бус их хурлыг даруй хуралдуулах шаардлагатай болсон гэж ярьсан юм. Удахгүй болох АН-ын ҮЗХ-ны хурлаар АН-ын дотоод ардчилсан шинэчлэл, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх хэрэгтэй, дараа нь бусад асуудлыг ярих нь зүйтэй гэж байв. Мөн тэрбээр манай намын олон мянган гишүүд АН амьд уу, хаана байна вэ гэж бухимдацгааж байна. АН-ын олон зуун гишүүдийг хамтарсан Засгийн газрын үед ажлаас нь халж нэг ёсондоо цэвэрлэлээ. Өнөөдөр бидний энэ байдлыг хараад МАХН-ынхан бах таваа хангаж байна хэмээн нэлээн бухимдангуй байв. С.Эрдэнэ гишүүн шиг бодолтой АН-ын мянга мянган жирийн гишүүд байгаа бөгөөд тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд намынхаа ээлжит бус их хурлыг хуралдуулах хөдөлгөөн өрнүүлж «унталт» үйл ажиллагааг зохион байгуулж байгаа залуучуудаа дэмжиж байгаагаа ч илэрхийлсэн юм.

 

Ямартай ч С.Эрдэнэ гишүүн клиник үхэлд орсон намаа аварч, бусдын халуун дулаан өвөрт жаргаж буй намынхаа таван нөхрийг халуун хөнжлөөс нь суга татаж «Хамтарсан» гэх тодотголтой Засгийн газарт цэг тавихаар эрс шийдсэн байна билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.