С.Эрдэнэ: МАХН-ын суганд хавчуулагдсан АН ямар харагдаж байна
2010.08.19

С.Эрдэнэ: МАХН-ын суганд хавчуулагдсан АН ямар харагдаж байна

-АН намрын чуулганаар МАХН-д үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь өгч, өөрсдөө сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой-


УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбоо (АХХ)-ны дэд ерөнхийлөгч С.ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.

-АХХ-ныхон бүсийн зөвлөлгөөн хийгээд эхэллээ. Цаана нь улс төрийн ямар нэгэн зорилго бий юү?

-Манайх гишүүд, дэмжигчдийн санаачилга дээр анх байгуулсан холбоо. Тэр хүрээндээ өөрийнхөө дотоод ажлыг л явуулж байна. Хүмүүсийн яриад байгаа шиг янз бүрийн зорилго агуулаагүй. АХХ "Монголоо шинэчилье" гэсэн уриатай гарч ирсэн. Өнөөдөр Монгол Улсын төр, нийгмийн амьдрал ямар байна, эдийн засаг, иргэдийн амьдрал аль төвшинд байна, юуг анхаарч ажиллах вэ гээд судлах юм их бий. Тэр чиглэлээр гишүүддээ мэдээлэл өгөх, харилцан санал солилцох гээд сургалт зохион байгуулж буй. Хөвсгөл аймагт хангайн бүсийн сургалтаа хийчихсэн. Сая Дарханд төвийн бүсийн сургалт боллоо. Удахгүй Сүхбаатар аймагт зүүн бүсийн аймгуудынх. ирэх сарын дундговийн бүсийн аймгуудын сургалт, цугларалт болно. Үндсэндээ энэ жил дөрвөн бүсийн сургалт хийх юм. Харин ирэх онд баруун бус, нийслэл болон бусад төрийн бус байгууллагатай хамтарсан цугларалт, сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Ер нь бол төлөвлөсөн ажлынхаа хүрээнд л явуулж байгаа сургалт. Гэтэл энэ ажлыг маань янз бүрээр хэлээд, хэвлэлээр хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж санаа оноо гарч байна л даа. Хардаж сэрдэх нь ч бий. Гэхдээ энэ бүхэн бидний ажилд саад болохгүй ээ.

-АН-ын зохион байгуулж буй бүс бүсийн зөвлөлгөөнтэй давхцаж байгаа болохоор тэр байх л даа?

-Холбооны бүсийн сургалт зарлагдаж, төлөвлөгөө нь гарсны дараа намын бүсийн зөвлөлгөөн болж байгаа шүү дээ. Тэгэхээр АН, АХХ-ны бүсийн сургалтын хооронд сөргөлдсөн, бие биеэ үгүйсгэсэн үйл ажиллагаа байхгүй. Тэр талаас нь харж болохгүй л гэж хэлье.

-Танай намын ҮЗХ ирэх аравдугаар сард хуралдана. АН-ын даргыг огцруулах, хамтарсан Засгийн газраас гарах гээд олон асуудлыг энэ хуралдаанаар хэлэлцэнэ гэж ярих боллоо. АХХ эдгээр асуудлыг аль байр суурьнаас харж байна вэ?

-АХХ-ны хувьд энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн, АН-ын даргыг огцруулах, хамтарсан Засгийн газраас гарах талаар ярилцсан тохирсон зүйл байхгүй. Бид өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдал, цаашид ямар хандлага гарах нь гэдгийг л түлхүү анхаарч, дүн шинжилгээ хийж байгаа. АН-ын ҮЗХ-ны хувьд дүрмийн дагуу аравдугаар сард хуралдах ёстой. Түүнээс биш АН-ын даргыг огцруулж, Засгийн газраас гарна гэсэн зүйл ямар нэгэн төвшинд яригдаагүй байх.Би лав сонсоогүй юм байна. Санаатайгаар ийм яриа дэгдээх сонирхолтой хүн байж болох л доо. Ер нь бол шаардлагатай гэвэл намын дарга ч байна уу, Засгийн газраас гарах ч гэх үү, юу ч байсан ярьж болно. Эмзэглээд байх зүйл алга. Шаардлага хангаж байвал хэн ч байсан намын даргаа хийгээд л явна биз. Хамтарсан Засгийн газар ард түмний хүсэл зорилгод нийцээд, хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадвал цаашид ажиллаад л явна. Хангаж чадахгүй байвал сольж, холих нь энгийн л зүйл шүү дээ. Гэтэл сүржигнээд л, галав юүлэх гэж байгаа мэт ярих хэрэггүй л байхгүй юу. Энэ бол байдаг л зүйл, хэвийн үзэгдэл гэдгийг эхлээд хэлчихье. Нам шаардлага хангахгүй байна гэвэл удирдлагаа сольдог. Аль ч Засгийн газар хангалтгүй ажиллавал огцордог жамтай.

-Таныхаар шаардлага хангаж чадаж байна уу?

-Хамтарсан Засгийн газар байгуулаад тодорхой асуудлаар ажил хийсэн, бүтээсэн. Үгүйсгэх аргагүй. Гэхдээ ард түмний хүсэн хүлээж байсан хэмжээнд ажилласан уу гэвэл үгүй.

-Н.Алтанхуяг даргын хувьд?

-Би өөрөө намын удирдлагад байдаг хүн. Намын даргад шүүмжлэх зүйл мэдээж олон бий. Гэхдээ хариуцлагыг давхар хүлээх асуудал ч надад байхыг үгүйсгэхгүй.

-АН-ын дарга Н.Алтанхуягийг дүрмийн бус гэж танай зарим гишүүн хэлдэг. Намын их хурлаас биш, ҮЗХ-ноос сонгогдсон болохоор түүнийг буцаан татах эрх хаана хадгалагдах вэ?

-Нэгэнт л намын Их хурлаас батлаагүй тохиолдолд намын даргын асуудлыг ший-дэх эрх нь ҮЗХ-нд хадгалагдсан байгаа. Уг нь эхлээд намын даргын асуудлыг ҮЗХ шийдээд, дараа нь Их хурлаар батламжлах ёстой байв. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Их хурал хуралдсан шүү дээ. Харамсалтай нь, тэр хурлаар батламжлаагүй. Тиймээс Их хурлын статусын хэмжээнд намын даргын асуудлыг шийдэхгүй. Өөрөөр хэлбэл, ҮЗХ яах вэ гэсэн шийдлээ гаргаж болно. Эрх нь хадгалагдаж байгаа хойно асуудал байхгүй.

-АХХ бол УИХ дахь АН-ын бүлэгт үүссэн "Эрдэнийн хувь" бүлгийн бааз суурь гэдэг. Сонгуулиар амласан "Эрдэнийн хувь"-иа шийдэхгүй бол намын даргыг огцруулна гэж хүртэл ярьж байсан. Одоо ямар байр суурьтай байгаа вэ. "Эрдэнийн хувь"-ийг хэзээ эздэд нь өгөх вэ?

-"Эрдэнийн хувь"-ийн асуудал Хүний хөгжил сангийн тухай хуулиар хуульчлагдсан. Ашигт малтмалаас олох орлогын тодорхой хэсгийг хувьцаа хэлбэрээр ард түмэнд тараана гэсэн санаа бол манай амлалт. Өөрөөр хэлбэл, хууль болгоод баталчихсан. Одоо хуулийн хэрэгжилтийг л хангах ёстой. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газар энэ чиглэлд хүч тавихгүй л байна. Энэ мэтчилэн хангалтгүй ажиллаж байгаа үзүүлэлт Засгийн газарт олон байгааг хэлье.

-Хууль талаасаа биелчихсэн юм бол аяндаа хэрэгжинэ гэсэн үг биз дээ?

-АН амлалтаа хуулийн хүрээнд хэрэгжүүлчихсэн.Хуулийг нь баталсан шүү дээ. Тэгэхээр аяндаа хэрэгжээд л эхэлнэ.

-Танай намын зарим гишүүн арай өөр байр суурьтай байгаа юм биш үү. Хүний хөгжил сангаас өгч байгаа 1.5 сая төгрөг бол зөвхөн МАХН-ын амлалт гэх юм билээ?

-"Эрдэнийн хувь" 1.5 саятай хамааралгүй. Хүний хөгжил сангийн тухай хуульд ашигт малтмалын орлогыг иргэддээ хувьцаа хэлбэрээр олгоно гэсэн заалт бий. Түүнээс 1.5 сая бол Хүний хөгжил сангийн тухай асуудал биш. Хүний хөгжил сангийн хуульд наагаад, байх зүйл биш. Хүмүүс буруу. ойл-гоод байх юм. МАХН-ын 1-5 саяын амлалтыг биелүүлэх гэж УИХ Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлаагүй. Энэ бол төрийн бодлогоор гарч ирсэн хууль.

-Та төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар, УИХ-д хандан уриалга гаргаж байсан. Хүүхдийн мөнгийг буцааж сэргээх таны уриалга, АН-ын санаачилга харамсалтай нь хэрэгжсэнгүй.

-Энэ онд 120 мянган төгрөг бэлнээр олгох шийдвэр гаргасан даа. Эхлээд 70 мянгыг нь өгсөн. Одоо болохоор үлдсэн 50 мянгыг нь арав, арваар нь ирэх саруудад хувааж өгөхөөр шийдсэн юм билээ. Үүнийг би ард түмнээр тоглосон үйлдэл гэж харж байгаа. Хэнийг хуурах гээд байгаа юм. Хүүхдийн мөнгийг сэргээсэн ч юм шиг, нөгөө талаасаа 1.5 саяын нэг хэсэг ч юм шиг. Ингэж ард түмнийг хуурч мэхлэх замаар амлалтаа биел үүлсэн мэт дүр эсгэх хэрэггүй шүү дээ. Үнэндээ явцгүй арга л гэж хэлье. Бид өөрсдийгөө ухаантай гэж бодоод байх юм. Ард түмэн илүү ухаантай шүү дээ. Болчимгүй тоглоом хийдгээ Засгийн газар болих хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг өгч чадахгүй гэвэл хариуцлагаа хүлээгээд л огцрох ёстой. Шударгаар буруугаа хүлээх чадвар даанч алга.

-Тэгэхээр хүүхдийн мөнгийг сэргээх боломжгүй гэсэн үг үү?

-Гишүүд янз бүрээр л ярьж байна. Зарим нь ирэх оноос Хүний хөгжил санд суулгая ч гэсэн санал гаргасан. Миний хувьд төсөв суулгах ёстой гэж үзэж байгаа. Энэ бол хууль ёсны мөнгө байх ёстой. Аль нэг санд мөнгө орж ирэхээр өгчихөөд, мөнгөгүй болохоор больчихдог байж болохгүй. Хүүхдийн мөнгө хууль ёсны, байнгынх байх хэрэгтэй гэж үздэг. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, хүүхдэд тавих анхаарал халамж дээрдсэн нь энэ мөнгөтэй л холбоотой. Тиймээс 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүр 20 мянгаар бодож хүүхдэд мөнгө олгохыг шаардсан. Засгийн газар ч амлалтаа өгчихсөн. Харин хэрэгжих эсэхийг нь би хэлж мэдэхгүй юм. Мэдээж намрын чуулган эхэлж, төсвийн төсөл хэлэлцэж эхлэхэд хүүхдийн мөнгийг суулгахгүй, төсөлдөө тусгаагүй байвал Засгийн газрыг огцрохыг л шаардана. Ард түмнээ хэд дахин хуурч болохгүй биз дээ. Ядаж ганц зүйлийг ч гэсэн тэдний сэтгэлд нийцсэн байдлаар хийгээд өгьел дөө. Энэ мөнгө бол хүүхдийн ирээд үед хийж байгаа асар том хөрөнгө оруулалт болохоос халамж биш шүү дээ. Нөгөөтэйгүүр, сард 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт олгосноор хүн ам зүйн бодлого зөв явж, төрөлт ч өснө. Монголд юу хэрэгтэй байна гэвэл хүн л хэрэгтэй байгаа шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, яавал таван сая хүнтэй болох вэ л гэж боддог. Тэгчихвэл дотоод зах зээлийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр эдийн засаг өөрөө л босоод ирнэ. Өнөөдөр дотооддоо амжилттай бизнес хийх бололцоо тааруу байна. Энэ бол хүн амын тоотой л холбоотой. Хүн ам ихтэй улсууд хурдан хөгжиж байгаа нь үүний баталгаа.

-Хүүхдийн мөнгө АН-ын сонгуул ийн амлалт болохоор бусдад айдас байгаад байх шигээ?

-Хүүхдийн мөнгийг улстөржүүлэхгүйгээр зүгээр л өгөх хэрэгтэй. Зөв байсан нь амьдрал дээр нотлогдож, ард түмэн ч үүнийг хүсч байгаа. Хүсээгүй 70 мянгыг өгөөд яах юм бэ. Сая тараасан 70 мянган төгрөг ямар үр дүн авчирсан юм бэ. Баахан залуус архидаж, зодолдож, гэмт хэрэгт л холбогдсон. Нөгөө хэсэг нь Эрээнд л хөрөнгө оруулалт хийсэн байх. Өөрөөр, 70 мянгаар амьдралдаа ашигтай зүйл хийсэн өрх ховор доо.

-АН-ын хөтлөлцөөд явж байгаа МАХН-ынхан гэр бүлийг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг сэргээх санал гаргасан УИХ-ын даргыг бүлгийн хурал дээрээ "АН-ын амлалтыг арай л гэж байхгүй болгож байхад сэргээх гэлээ" гэж загнасан гэсэн. Та дуулсан л байх даа?

-Юу гэхэв дээ. Улстөржүүлээд яваг. Тэгвэл энэ Засгийн газар хэр удаан тэсэх бол гэд-гийг бодох ёстой. Би лав хүүх-дийн мөнгийг сэргээхгүй юм бол, 2011 оны төсвийг Засгийн газар зөв боловсруулж оруулж ирэхгүй л юм бол огцруулах санал тавина. Ер нь ч тэгээд АН ард түмний хүсэлт, шаардлага, эрэлттэй хөл зэрэгцэн өөрийнхөө замаар явах цаг болсон доо. Алийн болгон бид хүний суганд байгаа юм шиг, айлын халаас-ны өрөөнд арга эвийг нь олох гэж яваа ядуу оюутан шиг байх юм бэ. Үнэндээ АН бол МАХН- аас илүү юү гэхээс дутуугүй л нам. Өнөөдөр МАХН-ын суганд хавчуулагдсан АН ямар харагдаж байна. Энэ том нам ийм арчаагүй явж болохгүй л дээ. Засгийн газарт зургаан сайд суулгахын төлөө шүү. Би эхнээсээ л ийм байр суурьтай байсан. Одоо ч энэ байр суурь маань хэвээрээ байгаа.

-Хамтарсан Засгийн газраас гарна гэсэн үг үү?

-Энэ намрын чуулганаас хэтрэхгүй АН бие дааж, Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийн-хээ хүрээнд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай. Одоо боллоо шүү дээ. Сөрөг хүчний орон зай нийгэмд үгүйлэгдэж байна. Энэ орон зайг АН-аас өөр дүүргээд явах улс төрийн хүчин Монголд хараахан төрөөгүй байна. Дүүргэх гэж олон нам, иргэний хөдөлгөөн үзсэн ч үнэндээ бяр нь хүрэхгүй нь. Тиймээс нийгмийн өмнө хүлээсэн үүргэээ ухамсарлаад АН Үндсэн хуулиар олгогдсон эрхийг МАХН-д өгч, өөрсдөө цөөнх юм бол сөрөөг хүчний байр сууринаас хяналтаа тавиад явах цаг болсон.

-Сонгуулийг хүлээлгүй юу?

-Тийм.

-Засгийн газраа хамтарч байгуулсныхаа хүчинд олон зүйлийг шийдэж байгаа гэж хоёр намын удирдлагууд хэлдэг шүү дээ?

-Хэдий буруу, зөв байсан ч Оюутолгой, Тавантолгой, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Монгол Улсын хөгжилд хэрэгтэй олон зүйлийг хийсэн. Гэхдээ сөрөг хүчин боллоо ч улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн зүйлээр хамтраад ажиллаж болно шүү дээ. Заавал сөрөг хүчин гэхээр бүхнийг сөрж, үгүйсгэх албагүй. Харин одоо сөрөг хүчний үүрэг, орон зай зайлшгүй үгүйлэгдэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.