2010.11.17

С.Эрдэнэ: АН-ын дотоод зөрчил 2008 оноос эхэлсэн шүү дээ

АН-д үүсээд буй дотоод зөрчлийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр сэтгүүлчидтэй ярилцлаа. Түүний үзэж буйгаар энэ зөрчил одоо л дэгдэж зүйл огт биш ажээ.

Тэрээр УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа МАХН-тай хамтарч Засгийн газар байгуулсан нь өнөөгийн зөрчлийн эхлэлийг тавьж, АН-ын мөн чанар алдагдсан гэж үзэж байна. С.Эрдэнэ гишүүн хэлэхдээ "Монгол Улс парламентын засаглалтай. Сонгуулиар олонхи болсон нь засгаа барьж, цөөнх нь сөрөг хүчний үүргээ биелүүлэх ёстой. Стандарт бус Засгийн газарт орсноор АН-ын түүхэнд том алдаа хийсэн. Би үүнийг анхнаас нь эсэргүүцэж байсан хүн.

Тухайн үед ҮЗХ шийдсэн гэж ярьдаг ч үнэндээ маш цөөхөн саналын зөрүүгээр Засгийн газарт орсон шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газарт орсны үр дүн гарсангүй. Оюутолгой гэсэн луйврын гэрээг л хийлээ. Цаана нь Тавантолгой, УИХ-ын сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд томоохон зохицуулалтын асуудлыг шийдээгүй үлдсэн гэлээ. Н.Алтанхуяг даргыг огцруулах нь АН-ыг Засгийн газраас гаргах хамгийн хялбар арга мөн үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр "Хэнийг хэнээр солих тухай нь гол асуудал биш ээ" гэсэн хариултыг өгөв. Гол нь төрийг хяналттай, улс төрийг хариуцлагатай болгох нь юунаас ч илүү чухал байгааг онцолж байв. "Гүйцэтгэх зөвлөлийн 30, ҮЗХ-ны 200 гаруй гишүүн АН-д тулчихаад байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Энэ асуудлыг хэлэлцэх боломжтой субъект нь ээлжит бус Их хурал байх болно. Ээлжит бус Их хурлаар зөвхөн хамтарсан Засгийн газраас гарах тухай ч биш, уул уурхай-гаас орж ирэх асар их мөнгийг хэрхэн зохистой зарцуулах гээд Монгол Улсын хөгжил дэвшлийн талаар ярих хэрэгтэй" гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.