С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар худалч уу, ОУВС худлаа ярив уу гэдгийг цаг хугацаа харуулна
2018.05.21

С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар худалч уу, ОУВС худлаа ярив уу гэдгийг цаг хугацаа харуулна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Чуулганаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх жилийн төсөвт сөрөг хүчин ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрх баригчид буруу тооцоолдог. Тэдэнд нэг заль бий л дээ. Тэр нь орлогоо багаар, зарлагаа өндөр тооцдог. Инэгэхээр төсвийн орлого давж биелэсэн гэж харагддаг. Давж биелүүлсэн гэдэг нэрээр дураараа тоглолт хийдэг. Энэ бол байж болохгүй асуудал. Монгол Улсын төсвийн тухай хууль гэдэг онцгой хууль. Улс орон тухайн жилдээ юу өмсөх, юу идэх, хэрхэн галаа түлх үү гэдгээ шийдэх гол асуудал. Гэтэл эрх баригчид үүнд хөнгөн хандаж, ард иргэдийн эрх ашгийг хөндөн, тодорхой бүлэг нөхдүүдийн тансаглалд тааруулах зорилгоор төсвийг захиран зарцуулах гэж байгаа үйлдэл бол маш буруу.

-Хүүхдийн мөнгийг 100, эсвэл 80 хувь олгох асуудлаар гишүүд өөр өөр байрь суурьтай байна. Танай нам хүүхдийн мөнгийг зуун хувь олгох ёстой гэж яриад байдаг. Гэтэл Сангийн сайд үүнийг 100 хувь олгох юм бол ОУВС хөтөлбөрөө татна гэж анхааруулсан гээд байгаа. Энэ асуудлаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ардын нам олонхоороо эрх барьснаас хойш хоёр жил өнгөрлөө.

Энэ хугацаанд эрх баригчдын зүгээс гарт баригдах ямар ч ажил хийсэнгүй. Эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнгүй. Ардын намын 2016 оны амлалтаас өнөөдөр бодит үр дүнтэй ажил нэг ч алга. Эрх баригчид болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ Олон улсын валютын сан гэх байгууллага руу чихдэг ажлаа л сайн хийж байна. Хүүхдийн мөнгийг зуун хувь олгож болохгүй гэж ОУВС-гийнхан хэлсэн гэж Засгийн газар яриад байгаа. Хэрэв зуун хувь олговол ОУВС хөтөлбөрөө татна гэсэн зүйлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байсан. Манай намын бүлгийн гишүүд хэдхэн хоногийн өмнө ОУВС-тай уулзаж, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдал, боломж бололцооны тухай ярилцсан. Энэ үеэр үнэхээр та нөхдүүд манай улсын Засгийн газартай дээрх асуудлаар ярьж тохиролцсон юм уу гэж асуусан. Гэтэд ОУВС-гийнхан үйл ажиллагаа, дотоод асууд-лаа танай Засгийн газар хэрхэн зохицуулах нь бидэнд хамаагүй. Бид танай дотоод асуудалд оролцож, ямар нэгэн тоо, хувийн талаар яриагүй ээ гэж хэлсэн. Үүнээс харахад манай Сангийн сайд худалч юм байна, эсвэл ОУВС гэж худлаа ярьдаг байгууллага юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Аль нь худлаа яриад байгааг цаг хугацаа харуулна биз дээ.

Хүүхдийн мөнгийг зуун хувь олгох олон боломж, бололцоо энэ Засгийн газарт бий. Тухайлбал, энэ төрийн данхайсан бүтцээ цомхотгоод, үрлэгэн зардлаа танаад ч юм уу, эсвэл дэд сайд нарынхаа тоог цөөлөх аргаар хүүхдийн мөнгийг олгох хөрөнгийг бий болгож болно. Зөвхөн хүүхдийн мөнгө биш. Гадаа талбай дээр жагсаж байгаа эмч, багш нарынхаа цалин хөлсийг нэмэх, 380 мянган ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал байна шүү дээ. Энэ олон ажлуудыг яагаад шийдвэрлэж, хийхгүй байгаа юм бэ. Сонгуульд ялж гарч ирснээс хойш хоёр жил өнгөрлөө, эрх баригчид аа. Нөгөө сайхан амлалт хаана байна. Ийм байдлаар цаашид явж болохгүй юм. Мөнхийн суудал гэж байхгүй. Удахгүй эрх баригчдаас ард түмэн амлалт, ажлын тайланг нь нэхнэ. Тэр үед мөн адил хариуцлагын асуудал яригдах болно. Тийм учраас аливаа улс төрийн хүчин хариуцлагатай л байх ёстой.

-Хүүхдийн мөнгийг 15-20 хувь нь огт авдаггүй гэсэн судалгааг Засгийн газраас гаргаад байгаа. Тийм болохоор мөнгө авъя гэсэнд нь олгох ёстой гэсэн санал ч хүртэл гарлаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Хүсэлт гаргасанд нь олгох гаргалгааг энэ Засгийн газар гаргачихсан юм биш л дээ. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжээд явж л байсан. Өмнөх Засгийн газрын үед нийт хүүхдийн 5-10 хувь нь авдаггүй л байсан. Гол нь хүүхдийн мөнгө бол халамж биш юм аа. Хүүхдийн мөнгийг зориулалтаар нь төгс ашиглахын тулд тухайн үед Сангийн сайд байсан Улаан, бид хоёр санаачилгаар хуулинд нэг заалт нэмж байсан. Тэр нь хүүхдийн мөнгөний үлдэгдэл буюу аваагүй хэсгээс үлдсэн хөрөнгийг төсөвт буцааж төвлөрүүлэхгүйгээр хүүхэд хөгжлийн зориулалтаар ашиглана гэдэг заалтыг оруулсан юм. Энэхүү бодлогын буянд хүүхдийн олон зуслангуудыг хөрөнгө оруулж, заслаа, тохижууллаа. Өнөөдөр төрөөс хүүхэд хөгжлийн талаар авч хэрэгжүүлж, хөрөнгө хаяж байгаа ямар ажил байгаа юм. Нэг ч ажил байхгүй байна. Тийм учраас өнөөдөр хүүхдийн мөнгийн үлдэгдэл буюу аваагүй хэсгийн хөрөнгийг төсөвт буцааж татах биш, хүүхэд хөгжлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг байх ёстой.

-Таны хувьд өмнө Хөдөлмөрийн сайдын албыг хашиж байсан. Тухайн үед та дэд сайдтай байсан шиг санагдана. Энэ хэл ам дагуулаад байдаг дэд сайдын эрх, үүргийг та хэрхэн хардаг вэ?

-Намайг сайд байх үед манайх Засгийн газар эвслийн Засгийн газар байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед манайх олонх болоогүй, олуулаа л байсан. Тэгэхээр хуулиараа хамгийн олон суудал авсан нам нь бусад намуудтайгаа зөвшилцөж, Засгийн газраа хамтарч байгуулдаг. Тэгэхээр эвслийн Засгийн газар байгуулагдвал дэд сайд, Шадар сайдын албан тушаал байх ёстой гэж боддог. Учир нь эвслийн Засгийн газарт эрх баригч нам, сөрөг хүчин, гурав дахь хүчнээс хүмүүс томилогддог.

Эдгээр хүмүүсийн ажлыг хянаж, хамтран ажиллахын тулд дээрх албан тушаал байх ёсой юм.

Харин дангаараа төрийн эрх мэдлийг авсан буюу УИХ-ын 65 суудалтай намд дэд сайд, Шадар сайдын ямар ч хэрэг байхгүй. Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлээд ажиллаад явах ёстой. Яамдуудад дэд сайдын шаардлага байхгүй юм. Мөн сайд нарын зөвлөх гэж тоогоо алдлаа. Орон тооны зөвлөх ч гэнэ. Орон тооны бус зөвлөх ч гэж байна. Наанаа орон тооны бус, цалин авдаггүй гэж байгаа боловч цаанаа утасны төлбөрөө хийлгэж, элдэв янзын зүйлдээ төрөөр даалгаад л явж байгаа. "Зуун ямаанд жаран ухна" гэдэг шиг олон дэд сайд нарын хэрэг байхгүй шүү дээ. Энэ нь улам л төрийн бүтцийг данхайлгаж, төсвийн зарлагыг ихэсгэж, эдийн засгийн үр ашиггүй байдлыг бий болгож байгаа юм.

-Засгийн газрын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлбэл...

-Ипотекийн зээл зогсоод хоёр жил болж байна. Гэхдээ ар, өврийн хаалгаар хэдэн айл энэхүү зээлд хамрагдаж л байгаа байх. Яг жирийн иргэн ипотекийн зээл авъя гэхээр нөхцөл нь маш хүнд байгаа. Хоёрдугаарт, түрүүчийн дөрвөн жилд эхлээд дуусгаагүй байсан зам, барилга байгууламжийг одоогийн Засгийн газар ашиглалтад оруулж байна. Энэ бол Засгийн газрын хийсэн ажил биш. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлээд эхэлчихсэн ажил. Гэтэл эдгээр ажлуудыг эрх баригчид өөрсдөө эхэлж хэрэгжүүлээд хийж дуусгасан мэтээр олон нийтэд гайхуулж байна. Ийм арчаагүй байж болохгүй. Ер нь энэ Засгийн газрын хийсэн ажил, явуулсан бодлогын бодит тоо баримт, судалгааг бид хийж байгаа. Удахгүй гаргах болно.

Э.ТҮВШИН