Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна
2018.05.24

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын Монголын эдийн засгийн форумд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

  • Энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалт манай орны эдийн засаг сүүлийн дөрвөн жилд байгаагүй хамгийн өндөр өсөлттэй цаг үед болж байна. Гэхдээ дэлхий даяар  тухайн улс орны хөгжлийн зорилтыг эдийн засгийн өсөлтөөс гадна хүний амьдралын чанар, аз жаргалын түвшин, эдийн засгийн өрсөлдөх чадвар, хүрээлэн буй орчныг хэрхэн сайжруулав гэдгээр тодорхойлж байна.

Тэгвэл эдгээр үзүүлэлтээр Монгол Улсын хөгжлийг дэлхий нийт хэрхэн дүгнэж байгааг цөөн хэдэн тоо баримтаар танилцуулъя. 2016 оны байдлаар Хүний хөгжлийн индексээр 188 орноос 92, аз жаргалын индексээр 140 орноос 136, Өрсөлдөх чадварын индексээр 138 орноос 102, Логистикийн гүйцэтгэлийн индексээр 160 орноос 108, Амьдралын чанарын индексээр 192 орноос 107, Байгаль орчны багц үзүүлэлтээр 140 орноос 111, Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр 190 орноос 64 дүгээр байр тус тус эзэлсэн байна. Эдгээр үзүүлэлтээс бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр Монгол Улс сайн үнэлгээ авсан төдийгүй 2018 онд энэ үзүүлэлтийг хоёр байраар ахиулж чадлаа.Үүний үр дүнд,

  • Экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл 2016 онтой харьцуулахад 26 хувиар нэмэгдэж 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
  • Нийт тээвэрлэсэн ачааны хэмжээ 53.9 сая тонн болж, ачаа эргэлт 15 хувиар өслөө.
  • Нийт хөрөнгө оруулалт 44 хувиар өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 10.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Хөдөө аж ахуйн салбар дах хөрөнгө оруулалт 24 хувиар, худалдааны салбар дахь хөрөнгө оруулалт 58 хувь өсч, уул уурхайн салбар дах хөрөнгө оруулалт 3,7 дахин өслөө.
  • Банкин дахь иргэдийн хадгаламж 2017 оны эцсээр өмнөх жилээс 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
  • Төсвийн алдагдал хоёр дахин буурч төлбөрийн тэнцэл ашигтай гарсанаар зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа.

Энэ мэтээр эдийн засагт эерэг сайн үр дүн гарч байгаа ч тулгамдсан зорилт, шийдвэрлэх ёстой ажлууд хүлээгдэж байна. Ялангуяа, 2018 он Монгол Улсын хувьд их бүтээн байгуулалтын жил юм. Монгол Улс нутаг дэвсгэр, баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг, нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. 1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрөхөд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид нь хариуцлагагүй, эв нэгдэлгүй, улс орон нь нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явж байснаас болж гүнзгий хямралд орсон байлаа. Хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг  биднээс цаг үе шаардаж байна.

Бид энэ шаардлагыг үндэслэн дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн боломж, сорилтоо тооцоолж, “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тулгуурлан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг тодорхойлоод байна.

Энэ бодлогод хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, монголын баялаг гэж үзэн “НЭГДМЭЛ ЗОРИЛГОТОЙ МОНГОЛ УЛС“ үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэл дэвшүүлсэн. Энэ хүрээнд 27 зорилтоос  хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр зорилтуудаас тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг Та бүхэнд танилцуулья.

ЗАСАГЛАЛЫН РЕФОРМЫН ХҮРЭЭНД:

Иргэд, баялаг бүтээгчид шударга, хариуцлагатай, тогтвортой  засаглал хүсч байна. Бид шударга, ёсзүйтэй төрийн реформыг хэрэгжүүлж байж ардчлал батжиж, бизнесийн өрсөлдөөн шудрага тэгш болно гэж үзэж байна. Учир нь хөрөнгө оруулагчдын дунд хийсэн судалгаагаар хөрөнгө оруулалтын орчинд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл нь Засаглалын тогтвортой байдал хэмээн тодорхойлогдож байна.

Гэтэл манай орны хувьд улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хувийн сонирхол нь иргэд, шударга бизнес эрхлэгчдийн хамгийн том бэрхшээл болоод байна. Энэ бэрхшээлийг шийдэхийн төлөө бид ажиллаж байна!

Манай Засгийн газар хийж байгаа ажлаа үргэлж тунхаглаад зарлаад байж чаддагүй нь үнэн. Бид үр дүнг л хүсч байна. Үр дүнгийн төлөө цаг наргүй ажиллаж байна. Шууд гол гурван  санаагаа хэлье! Нэгдүгээрт, улс төр, бизнесийн  бүлэглэлүүдийн хувийн сонирхлын нөлөөнөөс улс, төрийн албыг ангижруулах шаардлагатай байна.

Тэд бизнес эдийн засгийн томоохон төслүүдэд нөлөөлж, үндэсний шударга бизнес эрхлэгчдийг өсөн дэвжих боломж, бололцоог хааж байна. Эрсдэлтэй хэдий ч зайлшгүй хийх ёстой алхам бол эдийн засагт нөлөөлөх шударга бус үйлдлийг таслан зогсоох юм. Төсөв, тендер, төсөл, хөтөлбөрүүдэд шургалсан шударга бусын гарыг тасдаж, шударга бизнесүүдэд бараа, бүтээгдхүүнээ нийлүүлэх боломж олгоно. Эцсийн эцэст хувь хүн, сум, аймаг, хот, салбар, компани, байгууллага бүрийг өөрсдийнхөө чадал, боломж, хүсэл мөрөөдлийн хэмжээгээр тэгш боломжоор хангахыг эрмэлзэж байна. Ийм боломжийг хангахын тулд шатыг доороос нь бус дээрээс нь эхэлж шүүрддэг гэдгийг хэлэхийг хүсч байна.

Манай Засгийн газар байгуулагдсан анхны өдрөө төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг сайжруулах Албан даалгавар өгч ажлаа эхэлсэн. Албан даалгаврын биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. Төрийн албаны тогтвортой байдлыг хангах зорилгоор Төрийн албаны тухай хуулийг шинчлэн боловсруулж УИХ-аар батлуулан ирэх оны эхнээс мөрдөх гэж байна. Одоо  Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны ёсзүй, сахилга, эгэх хариуцлагын тухай хуулийг боловсруулж, өргөн барихад бэлэн болоод байна. Шударга, хариуцлагатай төрийн албыг бий болгох зорилгоор Мэдээлэл, технологийн бодлогын зөвлөл байгуулан цахим засаглал, дижитал шилжилтээр хэрэгжиж эхэлж байна.

Шударга, ёсзүйтэй төрийн реформыг цахим шилжилтээр эхлүүлж байна. Технологийн ололт, давуу талд тулгуурлан энэхүү дижитал шилжилтийг тууштай хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээ, төрийн байгууллагуудыг тойрсон хүнд суртал, шат дамжлага, авилгыг бууруулна. Төр, засгийн бодлого, шийдвэр боловсруулахад иргэдийн оролцоог хангаж, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн харилцааг шинэ шатанд гаргана. Эдийн засгийн шинэ, динамик салбар бий болгоно. Монгол Улс дижитал шилжилтийг хэрэгжүүлэхдээ зөвхөн технологийн шийдэлд ач холбогдол өгөх бус төрийн удирдлагын механизм, төрийн байгууллагын үйл ажиллагаа болон төрийн албаны шинэчлэл өөрчлөлттэй уялдуулан цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

 Дижитал шилжилтийг хэрэгжүүлэхдээ төрийн мэдээлэл солилцооны систем, иргэдийн цахим оролцооны систем, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, иргэдийг таньж баталгаажуулах систем, цахим албан бичгийн платформ зэрэг технологийн суурь платформыг хөгжүүлж эхнээс нь амжилттай ашиглаж эхлээд байна.

Үндэсний хөгжлийн газрын дэргэд бодлогын судалгааны “Тhink Tank” байгуулахаар болсныг зарлаж байна. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодын саналыг хөгжлийн бодлогод тусгадаг болно гэсэн үг юм. Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, хэрэгжилтийн үр дүнд шууд нөлөөлөх болно.  

Хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг хангах нь юу юунаас илүү чухал байна. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн цахим платформ байгуулж эхлээд байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг хөгжлийн бодлого болон түүний хүрээнд хэрэгжих хөрөнгө, төслүүдийн талаарх мэдээллийг цахим хэлбэрээр тасралтгүй хангах боломж бүрдэнэ. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдын үйл ажиллагааг ч үүнтэй уялдуулан цахим хэлбэрт шилжүүлэн, гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

Аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Аж үйлдвэрийн салбарын мэдээллийн платформ байгуулж 3400 гаруй жижиг, дунд үйлдвэрийг цахим платформд нэгтгэлээ. Эдийн засаг, нийгэм, хүний хөгжилд мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг, үр нөлөө нь улам ихээр нэмэгдэж байна.  Тоон технологийн боломжийг цаг алдалгүй ашиглах, аж үйлдвэрийн IV хувьсгалын суурь нөхцөлүүдийг бүрдүүлж мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан тоон эдийн засгийн салбарын эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлнэ.  Шинэ тутам гарч ирж буй энэ салбарын хөгжлийг дэмжих экосистем бий болгох, боловсон хүчнийг  чадавхижуулахад чиглэсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байна.

Баялаг бүтээгчдээ дэмжих цогц бодлого, багц хууль баталж хэрэгжүүлнэ. Уг багц бодлого, хуулийн төсөлд Нэгдүгээрт, Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого Хоёрдугаарт, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Гуравдугаарт, Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл багтаж байна. Эдгээр бодлого, хуулийн төслийг шинээр боловсруулах ажлыг хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулах, олон улсын шилдэг туршлагыг ашиглах, өөрийн орны онцлогт тохируулах, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, олон нийтээр хэлэлцүүлэн санал, зөвлөмжийг авч ажиллах үүднээс бүх аймаг, дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулж эхлээд байна.

НИЙГМИЙН БОДЛОГЫН РЕФОРМЫН ХҮРЭЭНД:

Монгол хүний амьдралын мөчлөг бүрт тохирсон хөгжлийн цогц бодлого боловсруулж хэрэгжүүлнэ. Өнгөрсөн 28 жилийн туршид монгол хүний хөгжлийнцогц бодлого орхигдсоноор нийгмийг цочоосон гэмт хэрэг, зөрчил, авлига, ёс зүйгүй байдал, хүнд суртал, ажилгүйдэл, ядуурал нийгмийг бухимдуулж байна. Хүүхэд, залууст уламжлалт зан заншил, ёсзүй, оюуны хүмүүжил,  биеийн  өв тэгш хөгжлийг бүхий монгол хүнийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Монголчууд оюуны асар өндөр потенциалтай  гэдгийг Та бүхэн мэдэх байх. Манай өсвөр үеийнхэн тив дэлхийн оюун ухааны олимпиад, уралдаан, тэмцээнд тэргүүн байруудыг эзлэн амжилттай оролцож байгаа нь үүний баталгаа.

Тиймээс  Засгийн газар монгол хүний оюун ухааны болон биеийн хөгжлийг ургийн үеэс эхлэн нялх нас, балчир нас, хүүхэд нас, залуу нас, ид нас, идэр нас, ахимаг нас, ахмад нас, өтөл нас гэхэд хүний амьдралын мөчлөг бүрт тохирсон хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж эхэлж байна. Ингэснээр монгол хүний амьдралын мөчлөг бүрт боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн бодлогыг чиглүүлж, монгол иргэн бүр төрийн бодлогын анхааралд байх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Ядуурлыг бууруулах салбар дундын арга хэмжээг 21 аймагесөн дүүрэг, бүх салбарт хэрэгжүүлж эхлээд байна.

Цахим мэдээллийн системд ядуу иргэдийг бүртгэж, ядуурлыг шалтгаанаар нь бүлэглэж, ангилал бүрт тохирсон төсөл, хөтөлбөрт ядуу иргэдээ бүрэн хамруулна. 2020 он хүртэл ядуурлыг бүрэн хянах дөрвөн үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэн улмаар 2030 онд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад заасан ядуурлын бүх төрлийг устгах зорилтыг биелүүлнэ.

ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМЫН ХҮРЭЭНД:

 Манай улс 1958 оноос атар газар эзэмшиж эхлэн 60 жилийг үдсэн бол өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Хөдөө аж ахуйн хөгжлийн дараагийн шинэ жарныг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Газар тариалангийн бүс нутгийг долоон аймгийн 60 сумын 113 багийг хамруулан тогтоож, газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжиж, бодлогын зээл, хөрөнгө оруулалтыг энэ бүс нутагт чиглүүлэхээр тогтлоо.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлэх тохиромжтой байдлын үнэлгээг хийж, эхний ээлжинд 10 аймгийг хамруулан Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл хөгжих хөгжлийн хөндийг тодорхойлон зарлаж байна. Тус хөндийг түшиглэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоо, логистикийн сүлжээг шинэ шатанд гаргаж, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркыг орон нутагт бүсчлэн байгуулж, хүнс экспортлож эхлэнэ.  

Дээрх бодлогод тулгуурлан “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна. Өөрөөр хэлбэл,Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг нь “Гурван тулгуурт хөгжлийн бодлого»юм.

“Хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нь «Гурван тулгуурт хөгжлийн бодлого»-д тусгагдсан хөрөнгө оруулалтын томоохон төсөл, арга хэмжээг  хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн тооцоог эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчилж, төлөвлөсөн баримт бичиг болно.

Хөтөлбөрт “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын Нийгмийн бодлогын хүрээнд 1.4 их наяд төгрөгийн 19 төсөл, Засаглалын бодлогын хүрээнд 1.3 их наяд төгрөгийн 17 төсөл, Олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд 25.5 их наяд төгрөгийн 77 төсөл хэрэгжүүлэхээр тусгаад байна.

Хөтөлбөрийн төсөлд улсын төсөв, гадаад зээл, тусламж, концессын гэрээ, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх тус бүр нь 30 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний төсөвт өртөгтэй нийт 38.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх 113 төсөл арга хэмжээ тусгагдсан. Үүнээс шилжин хэрэгжиж буй 43 төсөл, арга хэмжээг 9.05 их наяд төгрөгийн санхүүжилтээр, шинээр хэрэгжүүлэх 70 төсөл, арга хэмжээ эрэмбэлж оруулаад байна.

Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг гадаад дотоод гэж ялгаварлахгүйгээр тогтвортой байлгана. Хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор бүс нутаг болон салбараар хуваан ангилна.

Монгол Улсад үр өгөөжтэй төслүүдийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтлана. Түүнчлэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг ажиллуулж, тэдгээрийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүллээ. Зөвлөлийн дэргэд Төр - хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо бий болгож, төрөөс аливаа шийдвэр гаргахаас өмнө олон нийт, хувийн хэвшлийнхэнтэй сонгодог утгаар зөвшилцөж, тэдний санал, хүслийг агуулсан, нийгмийн дэмжлэгийг авсан, ээлтэй бодлого гаргах боломжийг бүрдүүлээд байна.

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих, оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалж, баталгаажуулах хүрээнд Засгийн газар, хөрөнгө оруулагч хооронд “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах, Үндэсний хөгжлийн газраас “Тогтворжуулах гэрчилгээ” олгох хоёр  том механизм хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдол нь тухайн төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчныг гэрээний хугацаанд тогтворжуулах үүргийг Засгийн газар хүлээж байна. Нөгөө талаар Хөрөнгө оруулагч төслийн дагуу амласан хөрөнгө оруулалтаа заасан хугацаандаа оруулах, бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчин, орон нутгийн хөгжлийг дэмжих үүрэг хүлээдэг.

 Дэлхийн банкны судалгааны дагуу Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн эрхзүйн болон зохицуулалтын орчинг сайжруулах ажлыг Засгийн газар шат дараатай хэрэгжүүлнэ. Үүнийг дараахь байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд: нэгд, одоогоор мөрдөгдөж буй хууль, журмуудын хэрэгжилтийг бүрэн хангана. Олон улсын гэрээ, конвенци, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ харилцан биелүүлдэг байх, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилд амласан амлалт, тохиролцсон асуудлаасаа буцдаггүй байх зарчмыг баримталж ажиллана. Хоёрт Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

 Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн гомдлыг шийдвэрлэх онлайн платформыг нэвтрүүлж ажиллана. Гуравт, Төр-хувийн хэвшлийн зөвшилцлийг хөгжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Бодлогын баримт бичгүүдийг хамтран хэлэлцэн боловсруулдаг байх зарчмыг мөрдлөг болгон ажиллана. Дөрөвт, Хууль хоорондын давхцал, хийдэл, зөрчлүүдийг арилгах, эрх зүйн орчныг илүү таатай болгох хүрээнд зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар нарийвчилсан судалгааг хувийн хэвшилтэй хамтран судалж, шийдвэрлэх болно.

Эцэст нь салбарын яам бүрийг “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг мэргэжлийн холбоотой байгуулан ажиллах нь хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.