Төрийн аудитын байгууллагын 2017 оны тайланг танилцуулав
2018.05.24

Төрийн аудитын байгууллагын 2017 оны тайланг танилцуулав

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн аудитын байгууллагын 2017 оны тайланг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар тайланг танилцууллаа.

Төрийн аудитын байгууллага 2017 оныг Төрийн аудитын тогтолцооны хууль эрх зүй, бодлогын шинэтгэл, ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгож, өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд үндсэн долоон том зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж ажилласан. Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн 3179, гүйцэтгэлийн 210, нийцлийн 167 нийтдээ 3556 аудит хийсэн. Аудитаар 11,477.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж, бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгсөн байна.  Мөн 2,537.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгснөөс 1,796.6 тэрбум  төгрөгийн зөрчлийг арилгаж, 1.1 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт оруулжээ. Төрийн аудитын байгууллага 2017 онд улсын төсвөөс авсан нэг төгрөгийн санхүүжилтээр 198.57 төгрөгийн үр өгөөжийг бий болгож, харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн. Зөрчил гаргасан 447 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, 87 албан тушаалтны асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Тайланг ТБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Байнгын хороо 2018 оны 4 сарын 17-нд тайланг сонсож, асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны үеэр УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 47.5.-д “Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тайлан, мэдээллийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал, дүгнэлт гаргаж болно” гэж заасан тул Үндэсний аудитын газрын 2017 оны тайланг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь шаардлагатай гэсэн саналыг гаргасаныг хуралдаанд оролцогсдын олонхи нь дэмжжээ.