Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд тал бүрээр хамтарч ажиллана
2018.05.25

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд тал бүрээр хамтарч ажиллана

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 86 дугаар чуулга уулзалтад оролцохоос гадна Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын танхимын орлогч дарга, сайдын гадаад харилцааны зөвлөх ноён Бруно Феррейратай хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, салбар яамны авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч, сүүлийн жилүүдэд хоёр орны хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэсэн.

Талууд Монгол Улсын онцлог бүтээгдэхүүн болох Увсын чацаргана, Булганы айраг, Завханы улаан хальс сармис, Халх голын зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх, малыг хөлөөр нь гаргах, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.   

        МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫГ ЧАДАВХЖУУЛНА 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Франц Улсад айлчлах үеэрээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал хатагтай Моник Элуатай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чигийг тохиролцсон юм. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улс нь тус байгууллагын гишүүн орны хувьд 2007 онд Монгол Улсын мал эмнэлгийн чадавх, 2009 онд Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн чадавх, 2012 болон 2014 онд мал эмнэлгийн чадавх үнэлгээнд тус тус хамрагдсан талаар дурдсан.

Тэрбээр, ДМАЭМБ–ын зөвлөмжийн дагуу УИХ-иар мал аж ахуйн салбарын суурь хоёр хуулийг батлуулж, хуулийн дагуу Улсын мал эмнэлгийн ерөнхий газар, ерөнхий малын эмчтэй болж байгаа талаараа мэдээлэл өглөө.

Талууд малын гоц халдварт өвчин ялангуяа шүлхий, бог малын мялзан өвчинтэй тэмцэх асуудлаар цаашид хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэж, хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар тохиролцсон. Түүнчлэн шинээр байгуулагдах Улсын мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхжуулахад нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.