Ж.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн хуульд гишүүд ам сайтай байна
Аливаа улс, орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс нь жижиг дунд үйлдвэрлэл байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогын хэмжээ нэмэгдэнэ. Хамгийн гол нь манай улсын “шүдний өвчин” болсон ажилгүйдлийг бууруулах гол гарц нь ЖДҮ.
ЖДҮ-ийг дэмжих нь зөв гэж хэн хүнгүй ярьдаг ч одоог хүртэл банк, санхүүгийн дэмжлэг таатай биш, дээр нь татварын зохицуулалт аятай бус, үүн дээр шат шатны хяналт шалгалт, хүнд суртал өндөр зэрэг үйлдвэрлэл эрхлэгч нарын зовлон дуусахгүй.
Харин УИХ-ын 2018 оны хаврын чуулганаар хэлэлцэж буй хуулиудаас “чихэнд чимэгтэй” хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Өчигдрийн /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн тун ам сайтай байсан.
Ж.Ганбаатар гишүүн өөрөө Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажиллаж, парламентад сонгогдсон цагаасаа эхлээд л тэдний эрх ашгийг хөндөж, хүчтэй дугарсаар ирсэн. Тиймээс ч жил гаруйн хугацаанд боловсруулсан түүний хуулийн төслийг тун чамбай хууль болсон гэдэгт итгэлтэй байна.
Тэгвэл энэ хуулиар ЖДҮ-ийг яг хэрхэн дэмжих вэ?
Хуулийн үйлчлэлд жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгч нар хамаарах юм.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН АНГИЛАЛ
- “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 9 хүртэл ажилтантай, үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг
- “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, 251-500 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг
- “дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 51-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, 501 сая-2,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хамааруулна.
ТАТВАРЫН ТААТАЙ ОРЧИН
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгоно.
Хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болно.
Жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлнэ.
Бичил бизнес эрхлэгч нар ЖДҮ-ийг хөгжлүүлсэн сангаас шууд зээл авах бол Дунд үйлчилгээ эрхлэгчдийн зээлийг банкаар дамжуулж олгоно.
ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАЛАХАД ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулж, дотоодын худалдан авалтын 10-аас доошгүй хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарын бүтээгдэхүүнээр хангах, тэдэнд давуу эрх олгох шаардлагатай байна.
Мөн уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн жилийн нийт худалдан авалтынхаа 10-аас доошгүй хувийг олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгийнхаа бизнес эрхлэгчдээс худалдан авах, ийнхүү худалдан аваагүй тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд шилжүүлдэг байх зохицуулалтыг цаашид бий болгоно.