Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг ХСҮТ-д ажиллав
2018.05.29

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг ХСҮТ-д ажиллав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг Хавдар судлалын үндэсний төвд ажиллав.

Эхлээд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Билэгт эмнэлгийн удирдлага, эмч нарт Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын санаачилсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд тус эмнэлэгт ажиллаж байгааг танилцууллаа.

Хүн амыг, ялангуяа зорилтот бүлгийн хүн бүрийг  урдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх шаардлага байгааг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд төсөлд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхэд чиглэсэн дэд бүтцийг бий болгох болон иргэдийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах тогтолцоог бий болгож, зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, эдгээр арга хэмжээг авснаар хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувиар бууруулж, нийт хорт хавдрын өвчлөлийн 75 хувийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авах боломжийг бий болгох зорилт бүхий зохицуулалтыг тусгажээ.

Ажлын хэсэг Хавдар судлалын үндэсний төвд ажиллах үеэр тус төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн статистик үзүүлэлт бүхий танилцуулга, мэдээлэл хийж, элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлж байгааг  мэдээлэлдээ онцлов.

Эрт илрүүлэх нөхцөл боломж бүрдээгүйгээс ийм байдалд хүрч буй бөгөөд эрт илрүүлж чадах уу гэдгийг томоор харахаас өөр аргагүй болсныг ерөнхий хэлээд төр, засгаас улсын хэмжээнд шаардлагатай дэд бүтэц бий болгож, эрт илрүүлгийн үзлэг, оношлогоог хийснээр энэ боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр тайлбарлалаа.

Өнөөдрийн байдлаар хорт хавдраар өвчилсөн нийт хүмүүсийн 80 хувь нь хожуу үе шатандаа оношлуулж, онош нь тодорхой болсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг  юм байна. Түүнчлэн, хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 90 хувь нь 45-59 насныхан байдаг үзүүлэлт гарчээ.

Хорт хавдрыг эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар хүний амь аврагдахаас гадна эдийн засгийн асар их хэмнэлт гарна гэж ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлсэн. Тухайлбал, элэгний хорт хавдраар өвчилсөн нэг хүнд мэс засал, хими, туяа эмчилгээнд 12,3 сая төгрөгийн зардал гардаг бол эрт илрүүлгийн үзлэгт 50 мянган төгрөг зарцуулах тооцоог гаргажээ. Элэгний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг амжилттай хэрэгжүүлбэл 2030 он гэхэд нас баралтыг 35 хувиар бууруулах боломжтой болох юм байна.

Хавдар судлалын үндэсний төвийн барилгыг 1982 онд ашиглалтад оруулжээ. Бороо ороход дөрөвдүгээр давхрын дүрс оношилгоо, өвчтөний өрөөнд дээврээс шууд ус алддаг.  Эмнэлгийн барилгад 5000 мкв өргөтгөл хийх гэж 7 жилийн өмнөөс эхэлсэн ч ажил хариуцсан хувь, хувьсгалын байгууллагуудын уялдаа, хариуцлагагүй байдлаас болж одоо хүртэл бүрэн дуусаагүйг ерөнхий захирал хэллээ.

Түүнчлэн, химийн эмчилгээнд шаардлагатай эмийн төсөв тун чамлалттай, эмчилгээ, оношилгооны гурван ч тоног төхөөрөмжийг эмнэлгийн өрөөний талбайн хомсдолоос шалтгаалж суурилуулж чадахгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан.

Хавдар судлалын үндэсний төвийн хажууд хавдрын эмнэлгийн орчин үеийн стандартаар, хувийн эмнэлгийн зориулалтаар ашиглахаар барьсан, одоо гүйцэтгэл нь 80 хувьтай барилга байгааг улс авч, ашиглах нь хорт хавдар өвчинтэй тэмцэхэд алтан боломж болно гэдгийг мөн танилцуулга мэдээлэлдээ онцлов.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Билэгт, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Ундармаа нар үг хэлж, зарим мэдээллийг тодруулан хариулт авч, санал солилцлоо.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Билэгт хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, мэс засал, мэс заслын хүлээгдэл, амбулаторийн үзлэг, амбулаторийн үзлэгийн хүлээгдэл, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээ гэсэн статистикууд 2007 оныхтой харьцуулахад 2017 онд хувь хэмжээ нь эрс өссөн үзүүлэлтүүд гарсан нь эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог оновчгүй зохион байгуулж байгаатай холбон үзэхээс өөр аргагүйг тэмдэглэв. Мөн тус төвийн удирдлага, эмч нар байгаа бүх боломжоо ашиглан тусламж, үйлчилгээг  өдий зэрэгтэй сайн авч явж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

Ажлын хэсгийнхэн энэ үеэрээ Хавдар судлалын үндэсний төвийн зарим тасгаар орж, эмчилгээ, үйлчилгээтэй танилцсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв