Я.Содбаатар: Гишүүд хурууны хээгээрээ санал өгдөг болно
УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тус хуулийн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-УИХ-ын дэгийн тухай хуульд нэлээд хэдэн өөрчлөлт оруулж байгаа юм билээ. Тухайлбал, гишүүд хурууны хээгээрээ санал өгдөг болох гэх мэт өөрчлөлт байсан. Хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-УИХ-ын гишүүдийг хариуцлагагүйжүүлэх, тэдний ёс зүй, УИХ-ын чуулганы хуралдаантай холбоотой асуудлууд сүүлийн хэд хэдэн парламентад хурцаар тавигдаж байна. Гишүүдийн ирц, бусдын өмнөөс санал өгөх, зарим асуудлыг хэлэлцэх явцад илүү өргөн мэдээлэл авах боломжийг гишүүдэд олгох зэргийг Дэгийн хуульд нарийвчлан тусгах асуудал хоёр парламент дамжин яригдаж байна. Тиймээс нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг санаачилсан. Бид УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгөхөөр төсөлдөө тусгасан. Хэрэв төслийн хаврын чуулганаар баталчихвал намрын чуулганаар хэрэгжээд явах боломжтой. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжөө шинэчлээд, гишүүд хэн нэгний өмнөөс санал өгдөг байдал цэгцэрнэ. Мөн ирцэн дээр нэлээн өндөр босго тавьж байна. УИХ-ын гишүүний Байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож буй ирцийг нь дүгнээд сануулах, цалингаар нь торгох, цаашлаад шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй хугацаа нь нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол бүрэн эрхийн асуудлыг хөнддөг байя гэсэн заалтуудыг оруулж өгсөн. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүнийг илүү хариуцлагажуулах гэсэн санаа юм.
-Хуралдааны дэг зөрчсөн гишүүдийг танхимаас гаргана гэсэн заалт байгаа юм билээ. Зарим гишүүн энэ заалт гишүүний бүрэн эрхэд халдаж байна гэсэн зүйлийг хэлсэн. Энэ мэт заалт дээр бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?
-Дэгийн хуульд нарийвчилсан заалт оруулж өгөх шаардлагатай болоод байна. Бусад улс оронд ч ийм зохицуулалтууд байдаг. Тухайлбал, Австралид сенатын гишүүн хоёр сарын хугацаанд хуралдаан тасалсан бол тухайн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөнддөг. ОХУ-ын Төрийн ДУМ-д 30 хоног ажлаа тасалбал ДУМ-ын гишүүнээс буулгадаг. Германы Бундестаг санал өгөх хуралдаанд ороогүй бол 200 еврогоор торгох гэх мэт гишүүдийн хариуцлагатай байлгах үүднээс тодорхой арга хэмжээ авдаг. Зарим улсад хуралдааны дэгийг сахиулах Дэд сахигч гэж байдаг. Хуралдаанд зүй бус үг хэллэг хэрэглэх, бусдыг дайрч доромжилсон гишүүнийг танхимаас гаргах үүрэгтэй. Мөн тухайн гишүүний хувийн ашиг сонирхол давхцаж байгаа асуудал хэлэлцэж буй хуралдаанд мөн оруулахгүй байх зэрэг олон аргыг бусад улсын парламент авч хэрэглэдэг. Энэ бүх жишээнээс Монгол Улс тодорхой зарим аргыг нь авч хэрэглье, тийм шаардлага ч байна гэж үзсэн. УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эрхийг эдэлдэг субъект. Иргэдийн төлөөлж байгаа төлөөллийн субъект гэсэн үг. Жишээлбэл, миний ард Өвөрхангай аймгийн хангайн таван сумын 40-өөд мянган иргэн байна. Тэгэхээр миний хэлж байгаа үг тэдгээр 40 мянган иргэнийг төлөөлж байгаа арга зам. Энэ талаас нь харвал миний эрхэнд халдах нь Өвөрхангайн 40 мянган иргэний эрхэнд халдаж байна гэсэн үг. Тиймээс УИХ-ын бүрэн бүтэн байдал, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нь онцгой хуулиар зохицуулагддаг. Аль ч оронд ийм л байдаг. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг хэлдэг. Өмнөх парламентын үед шууд микрофоныг нь хаадаг байсан. Харин энэ УИХ-ын дарга төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж байгаа иргэдийн эрх гэдэг утгаараа үгийг нь хэлүүлээд байдаг. Тиймээс энэ асуудлыг хуулиар журамлаж өгөх юм. Холбогдолгүй асуудлаар үг хэлбэл нэг удаа сануулга өгнө, хүлээж авахгүй бол үг хэлэх хугацааг нь дуусгавар болгоно гэж байгаа юм.
-Хуралдааны дэг зөрчсөн гишүүнийг танхимаас гаргана гэж байгаа. Хэн гаргах юм, УИХ-ын дарга шийдэх юм уу?
-Санал хураагаад, гишүүдийн олонх нь шийднэ. Өөрөөр хэлбэл, хуралдаан даргалагч санал оруулаад, олонхоороо шийдэх юм. Гишүүд бүдүүлэг үг хэрэглэх, микрофонгүй хашгирах, зааланд зүй бус үйлдэл хийх асуудлууд гардаг. Тиймээс энэ мэт асуудлыг нарийвчилж шийдэх ёстой.
-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яг таны дээр хэлсэн заалтаар маргаан гараад байна. Тухайлбал таны ард 40 мянган иргэний эрх ашгийг хөндсөн асуудлыг парламентаар хэлэлцээд, олонх нь эсрэг шийдвэр гаргаж болно. Тэр тохиолдолд та 40 мянган иргэний төлөөлөл гэдэг утгаараа ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлж таарна. Гэтэл олонхоороо санал хураагаад “таныг дэг зөрчсөн” гээд танхимаас гаргавал яах вэ. 40 мянган иргэний төлөөллийн эрхийг 76 гишүүний олонхийн саналаар хязгаарлачих юм биш үү?
-Яг төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж байгаа, тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлж байвал энэ хуулийн заалт үйлчлэхгүй юм. Харин хэлэлцэж байгаа асуудалд холбоогүй, хувийн эрх ашгийн шинжтэй, ёс бус үйлдэл гаргаж байгаа, хуралдааныг санаатай үймүүлж тасалдуулсан тохиолдолд үйлчилнэ. Энэ бүгдэд гишүүд ялгаатай хандана.
-Өмч хувьчлалыг УИХ-аар ид хэлэлцэж байна. Гэвч ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг хувьчлах жагсаалтад оруулсан нь маргаан дагуулж байгаа. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна?
-1990 оноос хойш Монгол Улс маш өргөн хувьчлалыг хийсэн. Өнөөг хүртэл хувьчлал хийхдээ гурван чиглэл баримталж ирсэн. Эхэндээ бол хувийн хэвшлийг бий болгох агуулгатай байсан. Мэдээж төр ачаанаасаа салах үүднээс алдагдалтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээсээ салах чиглэл баримталсан. Мөн төсөвт орлого оруулах үүднээс хувьчлал хийдэг. Харин энэ удаа хувьчлалын шинэ хэлбэрийг хийж байна. Нэгт, цаашид төрийн өмч аль салбарт байх вэ гэдгээ тодорхойлж байна.
Мөн төрийн өмч байгаа салбарт хэрхэн компанийн засаглал бий болгох вэ гэдэг чухал. Олон жилийн турш төрийн өмчид намын шахаа, даргын чихээс ордог талаар ярьж ирлээ. Тиймээс төрийн өмч байгаа компанийн засаглалд иргэдийн хяналт бий болгоё гэж байна. Үүний тулд тус компанийг хувьцаат компани болгоод, тодорхой хувийг нь хөрөнгийн биржээр арилжаалъя гэж байгаа юм. Хоёрт, Хөрөнгийн биржийн “лангуу”-н дээр үнэ цэнэтэй бараа тавъя гэж байна. Улс авч явж чадахаа байсан, алдагдалтай ажиллаж байгаа компанийг хэн ч авахгүй. Түүнийгээ дагаад хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна.
Тиймээс үнэ цэнэтэй, ашигтай ажиллаж байгаа дээр нь хөрөнгийн бирж дээр гаргая гэж байгаа юм. Хэрэв энэ хувьчлал ашигтай байвал цаашид Эрдэнэс Тавантолгой, Оюутолгойн хувьцааг ч гаргаж чадна. Үүгээрээ баялгийн зөв хуваарилалт хийх механизмаа хийх юм. Өргөн барьчихсан байгаа төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийг УИХ олон талаас нь ярих ёстой. Өмнө нь ийм их хэмжээний мөнгөн дүнтэй аж ахуйн нэгжийн хувьчлалын асуудал нэг дор орж ирж байгаагүй учраас гишүүд цочирдорж байх шиг байна. Мөн өмнө нь явж байсан өмч хувьчлалын тэр сэтгэлгээ, хандлагаар хараад байгаа учраас хардалт нийгэмд ч байна, парламентад ч байна.
Тиймээс энэ асуудлыг бодлогын хувьд дэмжээд, томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг Их хуралд эргэж танилцуулах байдлаар хэлэлцэх байх. Тухайлбал МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж гэх мэт үндэсний хэмжээний сүлжээтэй, тухайн салбараа тэргүүлж яваа, үнэ цэнэтэй байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьчлал хийх үед мэдээллийг нь парламентаар сонсож болно. Одоо бол энэ компаниудын үнэлгээ тогтоогүй юм. Цаашдаа олон улсын стандартаар хөрөнгийн бирж дээр гарах бэлтгэлийг нь хийх ёстой.
-Төрийн банк, Хөрөнгийн бирж гэм мэт томоохон компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргана. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид хувьцааг нь авч болно гэж байсан. Тэгэхээр гаднынхан томоохон компаниудын хувьцааг худалдаад авчих юм биш үү?
-Парламент олон талаас нь хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Тухайлбал, эдгээр компаниудад олон жил ажилласан ажилчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ. Хөрөнгийн бирж дээр арилжиж байгаа учраас манай иргэд ч гаднын иргэд ч хувьцаа худалдаж авах боломжтой.
Хөрөнгийн биржээр босгож байгаа мөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулдаг. Тиймээс Хөрөнгийн биржээс босгож байгаа мөнгийг ямар төсөл хөтөлбөрөөр хэрхэн тэр компанийг цааш хөгжүүлэх вэ гэдэг бодлогыг тодорхойлох ёстой. Өмнө нь төрийн өмчийн компанийг дуудлага худалдаагаар зараад өөр зориулалтаар мөнгийг нь ашигладаг байсан.