Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Сонгино-говь усан хангамжийн төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концесс зарлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн ус /хоногт 200 мянган м.куб/-аар хангаж, 50 мянган м.куб-ыг станцад нийлүүлэх зорилготой юм. Ингэснээр бүс нутгийн газрын доорх усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, усны нөөцөө хэмнэх, үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, ногоон бүс, хиймэл нуур, цөөрөм байгуулан хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзлээ.
Урьдчилсан тойм судалгаагаар Тавантолгойн нүүрсийг угаан, экспортод гаргаснаар нэг тонн нүүрснээс 50-60 хүртэл ам.долларын ашиг олох боломжтой. Ингэснээр жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж тооцоолжээ.