Шадар сайд Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээн үг хэллээ
Шадар сайд Ө.Энхтүвшиний уяачдын наадмыг нээн хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм хүндэт наадамчид аа,
Эх орны минь дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирж эрхт төрийнхөө наадамд хурдан хүлгээ уралдуулсан эрхэм уяачид аа,
Та бүхэн сайхан наадацгаав уу?
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам монголчуудын эв нэгдэл, хамтын хүсэл зориг, тэмүүллийг тод илэрхийлж, онцгой дэлгэр болж өнгөрлөө. Та бүхний сойсон хүлгүүд хурдан, давхил төгөлдөр, бөхчүүд хүчтэй, харваачид цэц мэргэн байлаа.
Монгол хүн, морь хоёр үеийн үед хүйн холбоотой явж ирсэн билээ. Монголын нүүдэлчин түмний язгуурын өв соёл-морин уралдааны эрхэм ухааныг уламжлан хөгжүүлж яваа уяачид та бүхний амаргүй хөдөлмөрийг Монголын төр засаг өндрөөр үнэлж ирсэн. чиг шадаргаар хөдөлмөрлөн хөлс хүчээ урсган улс, бүс, аймаг, сумынхаа наадамд шандаст хүлгүүдээ сойдог уяөчдаа цаашид ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хэлбэрэлтгүй дэмжиж ажиллах болно.
Монгол наадмын нэгэн гайхамшиг болдог унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад төр, засгийн байгууллагууд аймаг, орон нутгийн удирдлага, уяачид та бүхэн онцгой анхаарч, баяр наадмаа ёс жаягаар нь, эмх цэгцтэй зохион байгуулж байх болно гэдэгт итгэлтэй байна.
Энэ жилийн уяачдын наадмыг нээснийг уламжилъя.