ЗЦГ-ын гүүрэн гарцын гүйцэтгэл 11.9 хувьтай байна
2018.07.26

ЗЦГ-ын гүүрэн гарцын гүйцэтгэл 11.9 хувьтай байна

Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ЗЦГ-ын ойролцоо барьж буй гүүрэн замын төслийн гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл сонслоо.

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаярын танилцуулснаар, одоогийн байдлаар 5370 м куб бетон цутгалт, 2993 тн арматурын ажил, 2325 м гүн өрөмдлөгийн ажлыг хийж нийт ажлын 11.9 хувийг гүйцэтгэсэн байна. Гүүрэн гарцыг ерөнхий гүйцэтгэгчээс гадна туслан гүйцэтгэгч дотоодын 17, гадаадын 2 компани ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын талбай болон үйлдвэр дээр Монгол ажилчид 158, Хятад ажилчин 83 ажиллаж байна. Харин тоног төхөөрөмжийн хувьд өөрийн 22 нэр төрлийн машин механизм, 11 нэр төрлийн тоног төхөөрөмж, туслан гүйцэтгэгчийн 45 нэр төрлийн машин механизм, 21 нэр төрлийн тоног төхөөрөмж ашиглаж байна гэсэн мэдээллийг өглөө. Ерөнхий гүйцэтгэлээс гадна гүүрэн замын тулгуур, тулгуур багана, холбоос, суулгац, суурь цутгал, инженерийн шугам сүлжээний ажлууд гээд тус бүрээр нь авч үзвэл 30-89 хувийн хооронд гүйцэтгэлтэй явж байна.


Гүүрний байгуулалт дээр гарч буй нэг асуудал нь гүйцэтгэлийн хугацаа бөгөөд энэ асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаас мөн хөндөв. НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс Автозамын газрынханд хандан тавьсан “Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар ирэх оны 11-р сарын 30-нд ашиглалтанд орох ёстой гүүрийг мөн оны 9-р сарын 30-нд буюу 2 сарын өмнө дуусахаар төлөвлөж байгаа гэсэн, тийм боломж бий юу?” гэсэн асуултанд Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, “Ер нь бол ажил 2 сараар хоцорч эхэлснийг бид алдсан хугацааг нөхөж шахуу ажиллаж байгаа. Хугацаа алдахгүй, төлөвлөснөөр явна” гэсэн хариулт өгч байлаа. Гүүрний гүйцэтгэгч, БНХАУ-ын барилгын 2-р товчооны барилга хариуцсан захирлын зүгээс, “Бид графикт хугацаандаа шахаж амжуулна. Бидэнд хугацаанаас гадна чанар, хяналтын асуудал чухал байна” гэсэн хариу өгч байв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс гүүрэн замын ажилд ямар бэрхшээл гарч, хүндрэлтэй ямар асуудал байна, нийслэлийн зүгээс дэмжлэг хүсэх зүйлийн талаар тодруулж байлаа. Автозамынхны хэлснээр газар чөлөөлөлтийн асуудлыг Газрын албатай хамтран түргэн шуурхай шийдсэн, одоо төмөр замын гарцын аюулгүй байдлыг хангах, ус худаг, дулааны шугам сүлжээг нүүлгэн шилжүүлэх ажил явж байна гэв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс ажиллах хүчний цалин хөлс, ажлын нөхцөл байдал, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, туслан гүйцэтгэгч ААН-үүдийн уялдаа холбоог ханган ажиллахад анхаарахыг сануулсан юм.
Үүний өмнө долдугаар сарын 2-нд НИТХ-ын дарга С.Амарсайхан гүүрний ажлын явцтай газар дээр нь очиж танилцах үеэр өрмийн машин эвдэрсэн, зарим туслан гүйцэтгэх компани ажилчдын хөлсийг нь өгөөгүй, шаардлагатай санхүүжилтийг өөр төсөл хөтөлбөрт зориулсан, ажил бүрэн хийгдэхгүй хугацаа алдаж байгаа учир гэрээг дахин дүгнэх шаардлагатай гэсэн яриа гарч байсныг дор дор нь шийдээд явж байгаа гэв. НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Бид өмнө нь газар дээр нь очиж ажлын явцтай танилцаж шалган, тодорхой үнэлэлт дүгнэлт, тодорхой үүрэг даалгавар, чиглэлийг өгсөн. Хятадын гүйцэтгэгч компанийн 22 нэр төрлийн машин механизм, 11  төрлийн тоног төхөөрөмж ажшиглаж байгаа гэлээ. Гэтэл бодит байдал дээр 4 өрмийн машинаас хоёр нь ажилладаг нэг нь эвдэрсэн нэг нь ажиллаж байгаа гэж тайлбар тавьсан. Хамгийн чухал суурийн ажил ийм шалтгаанаар удаашрах учиргүй. Ажил гүйцэтгэлийн хугацааг нааш татах бүрэн боломж байна. Боломж бий гэдгийг гүйцэтгэгч компанийн захирал  ч өөрөө хэллээ. Гэхдээ чанар стандартыг алдагдуулалгүйгээр зам гүүрийн барилгын ажлын технологийн горимыг алдагдуулахгүйгээр хугацаагаа гурван сараар нааш татаж энэ 8-р сарын 1-ний дотор Тэргүүлэгчдийн хуралд төлөвлөгөөгөө танилцуул" гэлээ. Мөн энэ талаар туслан гүйцэтгэгч компаниуд, нийслэлийн холбогдох байгууллагууд, ерөнхий гүйцэтгэгч, зөвлөх  компаниуд газар дээр нь дахин ярилцаж  хугацааныхаа асуудлыг  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд дахин  албан ёсоор мэдэгдэхийг даалгав. Мөн НАЗХГ болон хяналт тавьж байгаа байгууллагууд илүү хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.
 
Б.Болд