2018.08.07

“Нарны хороолол” 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгтэй болж байна гэв

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр “Нарны хороолол”-д шинээр баригдсан сургууль цэцэрлэгтэй танилцлаа. Энэ үеэр тус сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон  оршин суугч, эцэг эхчүүдтэй уулзан, Засгийн газрын маргаашийн хуралдаанаар тус хорооллын сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсынх болгон хүлээж авах ажлыг танилцуулна гэдгээ хэлсэн юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

“Нарны хороолол” 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой болж байгаад их баяртай байна. Маргааш Засгийн газрын хуралдаанаар энэ сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын болгон хүлээж авах ажлыг миний бие танилцуулахаар болсон. Энэ хороололд нийт 4000 гаруй иргэн оршин суудаг.

Оршин суугчдаас бидэнд “Энэ хорооллыг сургууль, цэцэрлэгтэй гэсэн утгаар нь сонгож байрандаа орсон учраас улс энэ сургуулийг аваач ээ” гэсэн шаардлага тавьсан. Барилгын хөгжлийн төв, Сангийн яам, БСШУЯС, эцэг эхийн төлөөлөлтэй хамтарч хоёр удаагийн ажлын хэсгийн дүгнэлтээ гаргаад, Сангийн яаманд хүргүүлсэн. Бүх яамдаас дэмжиж байна гэсэн санал ирсэн тул маргааш Засгийн газрын хуралдаанаар оруулаад, шийдвэр нь гарна.

Улс хүлээгээд авчихвал хүүхдийн сурах орчин, сургалтын чанарын хүртээмжийг сайжруулж чадсан зүйл болно. Бид сургуулийн  барилга, байгууламжийг хүлээж авна гэхээсээ илүү сургалтын стандарт шаардлага, гадна дотно орчны аюулгүй байдалд илүү анхаарал хандуулж ажилласан. Ингэснээр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, эцэг эхчүүд хүүхдэдээ санаа зоволгүй ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм” хэмээв.

Засгийн газрын маргаашийн хуралдаанаар дээрх сургууль, цэцэрлэгийг улсад хүлээгээд авчихвал сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох аж. Мөн энэ сарын 15-наас эхлэн сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг бүртгэж эхлэх бөгөөд есдүгээр сарын нэгэн гэхэд сургууль, цэцэрлэг иж бүрэн байдлаар үйл ажиллагаагаа эхлэх юм.

“Нарны хороолол”-ын оршин суугч Д.Алтантуяа “Манайх

“Нарны хороолол”-д амьдраад хоёр жил болж байна. Анх биднийг ороход улсын сургууль, цэцэрлэгтэй гэж хэлээд, захиалга аваад оруулж байсан. Бид сургууль, цэцэрлэгтэй ойр юм байна гээд орсон. Гэтэл сургууль, цэцэрлэг одоо л ашиглалтад орох гэж байна. Хурдан томилгоог нь шийдээд, үйл ажиллагааг нь эхлүүлээсэй гэж хүсэж байна.

Б.АЛТАНБАГАНА