Бодлогод суурилсан, засаглаж чаддаг институци байх ёстой гэв
Нийслэлийн Ардчилсан намынхан Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд чууллаа. Энэ удаагийн чуулганд нийслэлийн есөн дүүргээс гадна Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцов.
“Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох зорилтын хүрээнд гишүүдээ системтэйгээр идэвхижүүлэх, чадавхижуулах нь бүсийн чуулганы гол зорилт. Ардчилсан намын гишүүд мэдлэгтэй, мэдээлэлтэй, чадавхитай байх нь бүх шатны сонгуульд амжилттай оролцох үндэс” хэмээн УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Үнэхээр ч өглөөний 09:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл бүтэн өдрийн турш үргэлжилсэн сургалт дүүрэн оролцогчтой байсан юм. Намын анхан, дунд шатны гишүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан сургалт “АН-ын үзэл баримтлалын танилцуулга”-аар эхэлж, “Монгол Улсын гадаад өр”, “Төрийн албаны инноваци-Төрийн албаны хуулийн үзэл санаа”, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Улс төрийн намуудын индекс” зэрэг сэдвээр үргэлжилж, “Сөрөг хүчний ажиллах стратеги” илтгэлээр өндөрлөлөө.
Ардчилсан нам шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, хүний нөөцийн шинэчлэл, санхүүгийн ил тод байдал, оролцоо гэсэн таван зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж буй. Тиймээс ч “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Үзэл баримтлалын шинэчилсэн төсөл бол уриа, лоозон, тунхаг биш Ардчилсан намын байр суурь, бодлогын байршил юм” хэмээн нийслэлийн чуулганы үеэр онцолсон юм.
Тэрбээр цааш нь “Ардчилсан нам бодлогод суурилсан, засаглаж чаддаг институци болох эхлэл нь үзэл баримтлал. Ардчилсан намын бүх гишүүдийн гартаа барих зэвсэг, тулах цэг нь Үзэл баримтлал байх учиртай” гэв. Харин нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Одонтуяа “Сингапур, Норвеги шиг хөгжилтэй, хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй нийгмийг цогцлоохын тулд улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр өндөр байх ёстой. Ардчилсан нам квот бий болгож, биднийг дэмжиж байгаа нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж буйн бодит илэрхийлэл” гэсэн юм.
Энэ удаагийн чуулганд эдийн засагч Д.Жаргалсайхан, Б.Бямбасайхан нарын сонирхолтой зочид оролцож, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл, байдал цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар Ардчилсан намын анхан, дунд шатны гишүүдэд мэдээлэл өгч, ярилцсан нь онцлог байв.
Түүнчлэн “Хүний нөөцийн академи”-н захирал Б.Энхболд Ардчилсан намын гишүүдийг чадавхижуулах зорилгоор гар утсандаа татаж авах боломжтой апликэйшн бэлэн болгосоноо дуулгав. Тус апликэйшныг Ардчилсан намын гишүүд гар утсан дээрээ үнэ төлбөргүй татаж авах бөгөөд Төрийн албаны тухай хууль, шалгалтын тест зэрэг холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэснээрээ онцлог аж. Өөрөөр хэлбэл, тус апликейшнийг гар утсандаа татаж авснаар гарын авлага маягаар ашиглах боломж бүрдэнэ.
Мөн Ардчилсан намын залуусын идэвхи, оролцоо нэмэгдэж, илүү зохион байгуулалттай ажиллах болсноо чуулганд оролцогчид хэлж байв. Тухайлбал, Багануур дүүргийн Ардчилсан намын дарга Т.Очирхүү “2009 оноос хойш ялалт байгуулаагүй байсан Багануурчууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь Ардчилсан намын шинэчлэлийн бодит үр дүн” гэв.
Ийнхүү Нийслэлийн чуулганд оролцогчид олон төрлийн мэдээ, мэдээллээр мэдлэгээ тэлж, туршлага хуваалцаж, урлаг, спортын тэмцээнд авъяас, чадвараа сорьж, гурван өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Н.БАЯР