Ажлаасаа халагдсан ч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болно
2012.04.03

Ажлаасаа халагдсан ч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болно

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулийн төсөл өргөн барьсан билээ. Монгол Улсад 1990-1995 онд нийгмийн шилжилт явагдсанаар социализмын үед ажиллаж байсан үйлдвэрүүд хаалгаа барьсан юм. Үүнээс болж олон иргэн ажилгүй үлдсэн нь хожмоо тэтгэвэрт гарах насанд нь түвэг учруулж магадгүй.

Учир нь тэдний ажилласан жил дундаа тасарсан гэдэг шалтгаанаар бага тэтгэвэр тогтоолгох эрсдэлтэй. Одоогийн байдлаар ийм шалтгаантай  240 гаруй мянган хун бий. Таван жил ажилгүй явсан нь тэдний буруу биш. Нийг-мийн шилжилтийн шуурганд өртөж, ажилгүй болсон хэмээн хууль санаачлагч үзэж байгаа юм байна. Тиймээс тэдний ажилгүй байсан таван жилийг ажилласнаар нөхөн тооцуулахаар энэ хуульд тусгажээ. Тэгвэл 1990-1995 онд ажилгүй болсон иргэд ажилласан жил дутуу гэх шалтгаангүйгээр бүрэн тэтгэвэр тогтоолгох боломж олдох нь.

Мөн энэ хуульд тусгасан өөр нэг хэрэгтэй заалт нь нийгмийн даатгалын шимтгэлийн эргэн төлүүлэх тухай юм. Манайд 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 700 гаруй мянган хүн байдаг юм байна. Монголд урьд өмнө нь байгаагүй нийгмийн даатгалын тогтолцоо дөнгөж 1995 онд бүрэлдэн тогтсон учраас 2000 он хүртэл иргэд энэ тухай төдийлөн сайн ойлголтгүй явжээ. Тэр байтугай албан байгууллагууд хүртэл саяхныг хүртэл ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг ойлгоогүй байсан гэх. Дээрээс нь тэр үед ажилгүй иргэд олон байсан болохоор ийм их хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй юм байна. Хэрэв энэ байдлыг засч залруулахгүй бол 700 гаруй мянган иргэн тэтгэврийн насанд очоод хувь тэнцүүлсэн гэдэг ангиллаар маш бага тэтгэвэр тогтоолгох болчихоод байгаа аж. Ийм зүйл болгохгүйн тулд иргэд. өнгөрсөн хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөх боломж олгохоор хууль санаачилжээ.

Тэгэхээр таван жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэд тухайн үеийн цалин хөлсний доод хэмжээгээр тооцож, арван хувийн шимтгэлээ төрд нөхөн төлнө гэсэн үг. Энэ тохиолдолд улсын тэтгэврийн даатгалын санд 60 тэрбум төгрөг хуримтлагдах юм байна. Тэгвэл дээрх 700 гаруй иргэд тэтгэврээ бүрэн тогтоолгох боломжтой болох аж. Нийгмийн даатгалын шимтгэлийг ямар хүмүүс нөхөн төлж болохыг хуульд тодорхой заагаад өгчээ.

Тухайн албан байгууллага нь татан буугдсанаас эсвэл бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотголоор ажилгүй болсон иргэд шимтгэлээ нөхөх эрхтэй. Мөн аж ахуй нэгж, байгууллага нь хувийн өмчид шилжсэнээс ажилгүй болсон бол хамрагдах ёстой. Мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа тэнцэхгүй халагдсан ч гэсэн нийгмийн даатгалын шимт-гэлээ нөхөн төлөх боломжтой юм байна. Хэрэв хууль батлагдсан тохиолдолд улсын хэмжээнд түр хороо байгуулан иргэдийн нэгдсэн бүртгэл гаргах ажлыг ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулах гэнэ.

Бүртгэлд хамрагдах иргэд хүсэлтээ гаргах юм байна. Мөн тухайн үед өөрийг нь ажлаас чөлөөлсөн албан тушаалтны болон албан байгууллагынхаа татан буугдсан эсвэл хувьд шилжсэн тухай шийдвэрүүдийг бэлтгэх ёстойг хуульд заажээ. Ингээд шимтгэлийг нөхөн төвлөрүүлэх ажлыг дуусгах цаад хугацаа нь 2014 он гэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.