НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгийг өндрөөр үнэлэв
2018.09.28

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгийг өндрөөр үнэлэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнертай есдүгээр сарын 27-ны өдөр уулзаж, Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, ядуурал, хүүхэд, эмэгтэйчүүд, байгаль орчин зэрэг чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Тэрээр Монгол Улс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлээ 2019 онд болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр танилцуулна гээд, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв 2018 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн, Улаанбаатарт төвтэй олон улсын анхны байгууллага болсон, энэхүү санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр идэвхтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэн, судалгааны төвийг бэхжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна гэв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер Монгол Улс ардчиллын тогтолцоонд шилжсэн, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг нарийн төвөгтэй олон асуудлыг нэгэн зэрэг амжилттай хэрэгжүүлж ирсэн нь бахархалтай гээд “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг өөрийн улсын онцлогт тохируулан хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдын зүгээс онцгой анхаарал хандуулж байгаад баяртай байна гэв.

Цааш тэрээр Монгол Улсын хөгжилд Улаанбаатар хотын агаарын бохирдол нь томоохон сорилт, бэрхшээл болж байгааг дурдаад ядуурал, орон сууцжуулалт, санхүүжилт зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудалтай уялдаатай энэ чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, дэд бүтэц зэрэг гол салбарын хөгжилд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс бодлогын зөвлөмж, туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.