Европын Холбоотой нягт хамтран ажиллана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Лорэнтиу Христитэй уулзаж ярилцлаа.
Европын Холбооны санхүүжилтээр Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаман дээр хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Эдгээр төслийн уялдаа холбоог сайжруулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, зөгийн бал, чацаргана зэрэг онцлог бүтээгдэхүүнийг газар зүйн заалтанд бүртгүүлэн ЕХ-ны зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх ажиллахдаа таатай байх болно гэдгээ уулзалтын эхэнд Элчин сайд Лорэнтиу Христи илэрхийлсэн.
Талууд Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт евро стандартыг нэвтрүүлэх, Европын холбооны хөнгөлөлтийн татварын системийн хүрээнд Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, ингэхдээ боловсруулалтын түвшинг сайжруулахад техник технологи нэвтрүүлэх тал дээр санал солилцсон юм.
Мөн жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхэд зориулж, зээлийн шугам /лизинг/ нээх талаар холбогдох банк, санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, салбарын мэргэжилтнүүд, оюутнууд тэр дундаа агрономич, малын эмч, хүнсний технологичдыг ЕХ-ны улсуудад мэргэжил дээшлүүлэх, урт, богино хугацааны сургалтуудад хамруулах талаар хамтран ажиллах саналыг тавихад нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахаар тохиролцлоо.