Хууль бусаар нүүрс олборлосон хорих ангийг татан буулгана
Хөвсгөл аймаг дахь ШШГЕГ-ын харьяа 443-р хорих анги өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн “Пи Эс Эс Ти” компанитай хамтран “Нүүрстэйн ам”-ны орд газарт хууль бусаар нүүрс олборлож эхэлсэн юм.
“Нүүрстэйн ам”-ны нүүрсний уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэсэг нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамрах хүрээнд хамрагдсан, мөн түүхийн дурсгалт өв хадгалагддаг газар юм.
Хууль бус олборлолтыг нутгийн иргэд эсэргүүцэж, суулт хийсэн ч ШШГЕГ-ын харьяа 443-р хорих ангийн албан хаагчид тэдний эсэргүүцлийг хүлээж авахгүй байжээ.
Харин УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн өнгөрсөн 8-р сард газар дээр нь очин, нөхцөл байдалтай танилцаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад албан тоот хүргүүлсэн байна. Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс уг асуудлыг анхааралдаа аван судалж, энэ сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол батлуулжээ. Уг тогтоолоор 443-р хорих ангийг татан буулгаж, тухайн ангийн хамаарал бүхий уурхайн 83 гектар талбайг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт буцаан өгөх болсон байна.
Засгийн газрын тогтоол
Засгийн газрын тогтоол
Түүхийг сөхвөөс, Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг нүүрсээр хангах зорилгоор тус аймгийн Бүрэнтогтох сумын Нүүрстэйн аман дахь нүүрсний ордыг ашиглах эрхийг 1998 онд ШШГЕГ-ын харьяа 443-р хорих ангид олгосон байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл гар аргаар олборлолтоо явуулж, аймгийн төвийг нүүрсээр хангаж ирсэн байна. Угтаа бол зөвхөн Мөрөн хотын хэрэгцээнд нүүрс нийлүүлэх ёстой байтал хэд хэдэн компанитай үгсэн хуйвалдаж, гэрээ байгуулан хууль бусаар гадагшаа зөөвөрлөсөн хэрэг өмнө нь ч гарч байжээ.
Ц.Даваасүрэн гишүүнд нутгийн иргэд талархаж байна