2018.10.25

М.Билэгт: Шавхагдашгүй баялгаа ашиглан төсвийн орлогоо бүрдүүлмээр байна

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Монгол Улсын төр төсвийн орлогоо бүрдүүлэхдээ ажлын байр бий болгох, эдийн засгаа солонгоруулах тал дээр маш сул ажиллаж байгаа юм байна гэдэг нь харагдаж байна. Үндсэн хуулиндаа төр нь  үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг ханган эдийн засгийг зохицуулна гэсэн байна. Гэтэл 20 жил уул уурхай, газар доорх баялгаа ухаад л орлого олно гэсэн сэтгэлгээгээр ажиллаж байна.

1990 онд 25 сая толгой малтай байхдаа жилдээ 100 мянган тонн мах экспортлоод, 60 мянган адуу гаргаж валютаа бүрдүүлж чадаж байсан. Ажил орлоготой байж, үүнийгээ түшиглэн үйлдвэр аж ахуй нэгжүүдээ хангаад явдаг байсан. Гэтэл өнөөдөр олон сая малтай хэрнээ эдийн засгаа солонгоруулж чадахгүй байгаа юм бэ?

Энэ жилийн төсөвт нүүрсээ гаргаад 1,3 их наяд төгрөг олно гэсэн тооцоо байна. Гэтэл малаа, махаа экспортлоод хамгийн багадаа хагас тэрбум ам.доллар орж ирэх боломжтой гэсэн байна. Бид шавхагддаг баялгаа бус шавхагдашгүй баялгаа ашиглаж эдийн засгаа нэмэгдүүлэх боломжоо бүрдүүлмээр байна.