Баруун бүсийнхэн "Био аюулгүй байдал, био хамгаалал" сэдвээр номын дуу сонсож байна
2018.11.07

Баруун бүсийнхэн "Био аюулгүй байдал, био хамгаалал" сэдвээр номын дуу сонсож байна

Биоаюулгүй байдал, биохамгаалал” баруун бүсийн сургалт Увс аймгийн Улаангом хотноо болж байна.

Сургалтад Ховд, Завхан, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гаалийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн алба, Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн тасгаас биоаюулгүй байдал, биохамгаалал, халдвар хамгааллын асуудал хариуцсан 56 мэргэжилтэн оролцож байгаа юм.

Сургалтыг БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооноос зохион байгуулсан бөгөөд тус хорооны дарга БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сургалтыг нээлээ.

Тэрбээр “Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд Биологийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох, тэдгээрийг устгах тухай конвенцид 1972 онд, Биоаюулгүй байдлын Картагены Протоколд 2002 онд нэгдэн  ч биологийн болзошгүй аюул үүсэх эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах менежментийн асуудлыг цогцоор шийдвэрлэх  эрх зүйн орчинг сайжруулах, байгууллага, хүний нөөцийг чадавхижуулах, хяналтыг чангатгах  шаардлагатай байгаа.

БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын холбооны хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачлагаас хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн Р53” төслийг 2017-2018 онд хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн үйл ажиллагааны хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байна. Та бүхэнд энэхүү сургалт олон талын мэдээлэл өгч, ажил мэргэжилд тань үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Халдварт өвчин, халдвар үүсгэгч, орчин үеийн биотехнологийн хэрэглээ, нийгэм эдийн засгийн хандлага, хими, бактерлоги, цацраг, цөмийн эрсдлийг бууруулах,  биотерроризм, био ёсзүйн асуудал, эрсдэл, эрсдлийн үнэлгээ, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар сургалтад оролцогчид мэргэжлийнхнээс мэдээлэл сонсч байна.

Мөн халдвар хамгааллын хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэл, хээрийн нөхцөл дэх биохамгаалал, аюултай дээж асгарсан тохиолдолд авах арга хэмжээ зэрэг сэдвээр онол практикийн мэдлэгт суралцаж, сертификат гардах юм. Сургалтыг төслийн 8 сургагч багш, 4 зөвлөх төслийн багтай хамтран явуулж байгаа бөгөөд сургалт 3 өдөр үргэлжилнэ.