Газрын төлбөрөөс 52, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ
Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-д 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төсөл, өмч хувьчлалын талаар танилцуулж байна.
2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төслийн талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцууллаа.
Нийслэлийн ИТХ-аас 2017 оны арванхоёрдугаар сарын 2-нд энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 496 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Үүний 47 ажил нь газрын менежментийг хэрэгжүүлэх, 44 нь нөхөн олговор олгох, газрын хэмжээний талаарх бол 404 нь газар зохион байгуулалтын, нэг нь газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх ажил байв. Өдгөө газрын менежментийг хэрэгжүүлэх төлөвлөсөн 47, нөхөн олговор олгох, газрын байршил хэмжэний талаар 44 ажил ажил 100 хувийн биелэлттэй байна.
Харин хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр хийхээр төлөвлөсөн 404 ажил 70 хувь биелүүлжээ. 2018 оны төсөвт 17 тэрбум төгрөг тусгаснаас нийслэлийн Засаг даргын 19 удаагийн захирамжаар 265 нэгж талбарт 11.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. Харин газар чөлөөлөлтөд 2017-2018 оныг дамжин санхүүжих 12.9 тэрбум төгрөгөөс 11.3-ыг нь 365 нэгж талбарын нөхөн олговорт өгчээ.
2018 онд газрын төлбөрөөс улсын төсөвт 31.5 тэрбум төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд бүрэн биелүүлжээ. Үүний зэрэгцээ энэ онд газар эзэмшүүлэх, ашиглуулах нээлттэй дуудлага худалдааг 29 байршилд таван удаа зарласнаас зургаан байршлын 6.3 га газрыг худалдан нийслэлийн төсөвт 909.8 сая төгрөг төвлөрүүлжээ.
Харин 2019 онд нийтдээ 655 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний 497 нь хот байгуулалт, газар зохион байгуулалтын талаар хийх арга хэмжээ аж. Харин 89 нь нөхөн олговор олгох, газрын байршил, хэмжээний талаар хийхэд ажил бөгөөд авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний байгууламж барихад зориулж, 37.18 га газарт өртсөн нэгж талбарын газрыг чөлөөлөх юм. Мөн ирэх онд газрын газрын төлбөрөөс төсөвт 52 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Ирэх онд хувьчлах өмчийн талаарх танилцуулгыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулав. Нийслэлийн өмчийн менежментийг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр цөөнгүй ажил санаачлан ажиллажээ. Тухайлбал, байгууллагын удирдлагуудтай байгуулсан гэрээний үр дүнг дүгнэж зөрчил, дутагдлыг арилган, биелэлтийг хангуулах чиглэлээр олон аижл хийсэн аж.
Үр дүнд нь өмчид хандах хандлага, ашиглалтын байдал сайжирсан талаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ. Өнгөрсөн 2017 онд орон нутгийн өмчит 32 үйлдвэрийн газар нийтдээ 244.4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, 260.6 тэрбум төгрөгийн зарлага гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн үг. Харин өнөө жил 244.9 тэрбум төгрөгийн орлого, 273.6 тэрбум төгрөгийн зарлагатай ажиллаж буй бөгөөд энэ нь зарлагыг 720.4 сая төгрөгөөр бууруулах юм.
Тиймээс нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, хаалттай хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, заримыг нь хувьчлах зэрэг арга хэмжээ авчээ. Цаашид нь энэ мэтээр өмчийн менежментийг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлнэ. Энэ онд нэг аж ахуйн нэгж, нэг барилгыг найман тэрбум 744 сая төгрөгөөр хувьчилжээ.
Харин ирэх онд өмнө жилүүдийн өмч хувьчлалын жагсаалтад орсон, тодорхой шалтгааны улмаас хувьчлагдаагүй нэг аж ахуйн нэгж, дөрвөн барилга болон шинээр нэмж зургаан барилгыг хувьчлахаар төлөвлөжээ. Шинээр хувьчлах өмчийн жагсаалтад оруулж буй барилгаас дурдвал нийслэлийн засаг захиргааны "Хангарди" ордон, нийслэлийн засаг захиргааны IV байр зэргийг багтжээ. Улмаар нийслэлийн төсөвт өмч хувьчлалаас 90 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ