2018.11.27
Хан-Уул дүүрэгт хамгаалах байр барина
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн (2018.11.27-ны өдөр) хуралдаанаар хамгаалах байрны талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны хүмүүс уг асуудалтай холбоотой товч танилцуулга хийлээ. Мөн Тэргүүлэгчид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, Тэргүүлэгч Ц.Байгалмаа
"Эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн хамгаалах байр байгуулах нь зүйтэй. Хан-Уул дүүргийн хамгаалах байр нь эмнэлгээсээ хол. Үүнээс үүдээд иргэд хамгаалах байраар дахин үйлчлүүлэхээс татгалзах байдал үүсэж болзошгүй байгаа юм" гэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан
"Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нийгмийн халамжийг хүртэж чадахгүй байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүд олон бий. Ялангуяа харж, хандах хүнгүй олон хүүхэд, эмэгтэйчүүд орхигдож байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийг хамгаалах байрны тоог нэмнэ. Хан-Уул дүүрэгт шинээр хамгаалах байр барина. Шаардлагатай төсөв хөрөнгийг шийднэ. Улсын төсвөөс хөрөнгө гаргах боломжгүй бол нийслэлийн төсөвт суулгана" гэлээ.
Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийг түшиглэн хамгаалах байр байгуулахаар боллоо. Тус байр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заасны дагуу хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төв байх юм. Мөн энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, нийслэлийн ИТХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтлоо.