Найрамдлын гүүрийг “Алтан боолт”-оор бэхэллээ
2011.08.11

Найрамдлын гүүрийг “Алтан боолт”-оор бэхэллээ

Хуучнаар Тээврийн товчооны баруун талаас урагш төмөр зам давуулан барих нарны хэмээх тодотголтой гүүрний суурийн дамнуургын ажил дууслаа. Яг албан ёсны нэр нь бол "Энгельсийн гүүр". Энэ гүүрийг барих ажлыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар гүйцэтгэж байгаа. Улаанбаатар хотын түүхнээ дөрөв дэх удаагийн томоохон бүтээн байгуулалт болж буй уг гүүр хэзээ ашиглалтад орох бол гэсэн хүлээлт нийслэлийнхний дунд бий болоод байсан. Тэгвэл Энгельсийн гүүрний суурь бүтцийн ажил албан ёсоор дуусаж, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид ёслолын ажиллагаанд оролцлоо. Ёслолын ажиллагаанд салбарын сайд Х.Баттулгаас гадна нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг, НИТХ-ын дарга Т.Билэгт, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд- Кидокура, "Жайка"-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, барилгын ажлыг гүйцэтэгч Японы JРЕЕ, болон IСТ компанийн төлөөлөгчид оролцсон. Тэд гүүрний суурийн бүтцийн сүүлчийн алтан боолтуудыг чангалснаар барилга угсралтын ажлыг дуусгасан юм. Өөрөөр хэлбэл, шинэхэн баригдаж буй гүүрийг доод бүтцийн ажлыг бүрэн дуусгалаа. Одоо автозам, гэрэлтүүлэг, явган хүний зам зэрэг ажил үлдэж байна. Үлдсэн ажлыг Японы компаниуд ирэх жилийн 11 дүгээр сард дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажиллах аж.


Энгельсийн гүүрийг Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй 3.7 тэрбум иений буцалтгүй тусламжаар барьж байгаа юм. Үндсэн ажил өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд төслийн гүйцэтгэл 65 хувьтай байгаа аж. Гүүрний урт 252 метр, 12 метр өндөр, тулгуурын суурийг бетоноор цутгаж, ган хийцэн тулгуур босгожээ. Энэ нь Японы хамгийн сүүлийн үеийн технологи юм байна. Гүйцэтгэгч компаниуд монгол инженжерүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь монголчууд дэлхийн шилдэг технологиос суралцах, цаашлаад эх орондоо нутагшуулан авч, үлдэх бололцоо олгож байгааг албаны хүмүүс онцолсон. Түүнчлэн гүүрний суурийг угсрахад саад болж байсан шугам сүлжээ, бусад асуудлыг шийдэхэд хамтран ажилласан хотын удирдлагууд болон ЗТБХБЯ-ныханд  буйгаа япончууд илэрхийллээ. Цаашид үлдсэн ажлыг цаг алдалгүй шуурхай гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанд хүлээлгэн өгөхийн төлөө ажиллахаа төслийн Монгол талын удирдагч Н.Мандат хэлсэн.

Харин Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрх элчин сайд ноён Кидокура "Нарны гүүр Монгол Япон хоёр улсын найрамдлын гүүр болж, үеийн үед хоёр орны найрсаг харилцааны бэлгэдэл болон сүндэрлэх болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Гүүр баригдаж, ашиглалтад орсноор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чамгүй нэмэр болно гэдэгт найдаж буйгаа ч бас албаны эх сурвалжууд дуулгаж байлаа. Гүүрийг барихад Японы Жайка байгууллага ч бас чамгүй дэмжлэг үзүүлж байгаа аж. Тус байгууллага анх 1999 онд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах мастер төлөвлөгөөг гаргасан байдаг гэнэ. Уг мастер төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотод 34 гүүрэн гарц барих шаардлагатай гэж байжээ. Энэ хүрээнд Энгельсийн буюу Нарны гүүрний барилгын ажил хийгдэж байгаа юм байна.


Х.Баттулга: Гүүр есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн

Бид энэ үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодруулсан юм.

Энгельсийн гүүрний доод бүтцийн ажил ямар ч байсан дууслаа. Үлдсэн ажлыг хэзээ гүйцэтгэж дуусах вэ?

-Ерөнхийдөө дэд бүтцийн тал дээр дөрвөн том төсөл явж байгаагийн нэг нь энэ гүүр. Өөрөөр хэлбэл, өнөөдөртөө дам нуруу нэг ёсондоо том хийцийнх нь ажлыг дуусгаад сүүлчийн боолтуудыг чангалж байна. Энэ ажлын дараа хучилтуудын ажил хийгдэж, дуусна. Ирэх оны 10-11 дүгээр сард бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.    Хөшигтийн хөндийд бас Жайкатай хамтраад шинэ нисэх буудлын барилгын ажил хийгдэж байгаа. Хамгийн гол нь 20 жилийн өмнө одоогийн Япон  Улсаас  Монгол  Улсад суугаа элчин сайд энэ саналыг Монгол Улсын Засгийн газарт тавьсан байдаг. Японы Засгийн газар энэ саналыг тавьснаар энэ ажил хийгдэж байгаа. Замын түгжрэлийг   гүүрэн   гарцаар шийдэх тухай асуудал. Үүнтэй адилхан хоёр ч гүүрэн гарцын ажил хийгдэнэ. Энэ гүүрийг монголчууд ихэнхийг нь барьж байгаа шүү дээ. Инженерүүд нь Япон инженерүүд байгаа. Тэрийг дагалдаад Монгол инженерүүд байна гэдэг маань бид ийм технологиор гүүр угсраад сурчихлаа гэсэн үг. Боломж байх юм бол бид яг энэ технологиор шинээр 2-3 гүүр барина гэж төлөвлөж байгаа.

-Өртгийн хувьд хэр байдаг вэ?

-Бетон гүүртэй харьцуулахад харьцангуй өндөр. Энэ гүүрний материалыг ихэнхийг нь гаднаас импортоор авч байгаа. Төмөр, бетон, ган энэ тэр гээд. Хэрвээ бид өөрсдөө тэр төмөр, бетонуудыг угсраад өөрсдөө үйлдвэрлэдэг болбол өртгийг хоёр дахин хэмнэнэ. Бидэнд төмрийн хүдэр, коксжих нүүрс байна шүү дээ. Тэгэхээр боломжтой.

-Газар хөдлөлтөд тэсвэртэй чанарыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Япончуудын технологийн хувьд, ялангуяа дэд бүтэц тал дээр газар хөдлөлтийг заавал тооцоолсон байдаг. Тийм учраас газар хөдлөлтийн өндөр хамгаалалттай байдаг. Энэ гүүрний хувьд есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэж ярьж байгаа.
Эх сурвалж: Монголын мэдээ Л.Энхдэлгэр

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.