Мянганы зам барих тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжив
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Мянганы зм болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай парламентын 2001 оны есдүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдав.
Эхний асуудлын хувьд нууцлалын зэрэглэлтэй учир зайлшгүй хаалттай хаалганы цаана хэлэлцэж, батлах эсэх талаар тодорхой шийдэлд хүрэх ёстой болохоор зөвхөн гишүүдийн хүрээнд яригдлаа. Үүний дараа хоёр дахь асуудлаа хэлэлцэхээр болж цоожтой хаалгаа нээсэн юм.Одоогоос арваад жилийн тэртээ Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай тогтоолыг баталсан байна.Гэвч зураг төсөлд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага гарсан аж. Энэ талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга танилцууллаа. Тэрээр "Монгол орны нийгэм эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг түргэтгэх, олон улстай харилцах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор стратегийн чухал ач холбогдол бүхий "Мянганы зам" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа.
УИХ-ын 2001 онд баталсан тогтоолд хэвтээ гол тэнхлэг болон босоо тэнхлэгүүдийн чиглэлийг зааж егсөн. Энэхүү тогтоол гарснаас хойш Монгол Улс нь 2004 онд Азийн авто замын сүлжээ байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орж, аймгуудыг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай авто замын барилгын ажлаа эхлүүлсэн юм. Одоогийн байдлаар Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Алтанбулаг-Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд, АН-4 буюу Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлүүд Мянганы зам болон улсын чанартай авто замын чиглэлүүдтэй бүрэн давхцаж байгаа боловч хэвтээ тэнхлэгийн АН-32 чиглэл нь Мянганы зам болон улсын чанартай авто замтай Завхан, Архангай аймгийн нутагт зарим хэсгээрээ давхцаагүй.
Тиймээс цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэл гаргаж байна. Мөн хэвтээ тэнхлэгийн зарим хэсэг нь байгаль, геологийн хувьд ихээхэн хүндрэл бүхий Тарвагатайн нуруугаар дайран гарч байгаа тул баталсан тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай байна" гэв. Өнөөдрийн байдлаар зүүн чиглэлд Өндөрхаан, баруун чиглэлд Булган аймгийн Дашинчилэн сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон 611 км зам ашиглалтад ороод байгаа гэнэ. Мөн шинээр Дашинчилэн Орхоны гүүр чиглэлд 80, Хануйн гүүр-Халзан бүргэдэй Солонготын даваа чиглэлд 165, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам барих ажил явагдаж байгаа аж.
Танилцуулгатай холбоотойгоор гишүүн Р.Буд, Ц.Цэнгэл, Д.Ганхуяг нар асуулт тавилаа. Ц.Цэнгэл гишүүн "Зам барих зураг төслийг боловсруулах гэж эрдэмтэн судлаачид олон жил ажилласан. 40 орчим жил судалгаа хийсэн байх. Заавал өөрчлөх шаардлага байгаа юм уу. Ер нь, Засгийн газар өөрчлөгдөх бүрт энэ нь ч болохгүй байна гээд засвар хийх нь хэр оновчтой юм бэ. Тарвагатайн нурууг тойруулж зам тавихаар болбол хэчнээн км зам нэмэгдэх бол" гэж байлаа. Түүний асуултад ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Анх төсөл орж ирэх үед ч зарим нэг өөрчлөлт оруулж байсан л даа. Зүүн тийшээ бол баталсан зураг төслийнхөө дагуу замаа тавьж болно.
Харин Завхан аймгийн нутагт байх тэрхүү нуруугаар зам барихад багагүй хүндрэл учруулах тул ийнхүү өөрчлөлт оруулахыг хүсэж байгаа хэрэг. Учир нь, байгалийн нөхцөл байдал асар хүнд. Тосонцэнгэл, Улиастайгаар дайруулж авто зам баривал 120 км нэмэгдэх тооцоо гарсан" гэж хариуллаа. Ерөнхийдөө Ц.Цэнгэл гишүүн сайд байх үедээ уг зураг төслийн ажилд оролцон батлуулж байсан болохоор өөрчлөлт оруулах асуудалд тийм ч таатай хандахгүй байв.
Харин Р.Буд гишүүн өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрээр "Цаг үе өөрчлөгдөж байгаа болохоор олон жилийн өмнө баталсан зарим асуудалд өөрчлөлт, засвар оруулах нь зүйтэй. Тарвагатайн нуруугаа хэдхэн км явах гэж найман цаг болж байсан. Тухайн газрын байгаль орчин нь маш хүнд юм билээ. Мэргэжлийн хүний хувьд Улиастай, Тосон цэнгэлээр дайруулж зам барих нь илүү оновчтой гэж үзэж байна" гэсэн санал хэллээ. Д.Ганхуяг гишүүн Мянганы зам барих ажил нь нийслэлийн зам барихтай холбогдож болохгүй юу, стандартын шаардлага хангасан зам барих хэрэгтэй гэхэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга "Улаанбаатар хотын замын асуудал Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт туссан болохоор үүнд хамаагүй.
Энэ төсөл нь орон нутгийг нийслэлтэй холбож, эдийн засгийг бэхжүүлэхэд чиглэгдсэн зүйл" гэсэн хариу өглөө. Мөн авто замын стандартын асуудалд анхаарал хандуулж ажиллахаа амлав.
Дээрх асуудалд санал хэлэх гишүүнгүй тул шууд санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжсэн тул Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтов.