Мянганы замын зарим маршрутанд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай УИХ-ын 2010 оны 09-р тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газраас Монгол орны нийгэм эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг түргэтгэх, олон улстай харилцах бололцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн стратегийн чухал ач холбогдол бүхий “Мянганы зам” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2001 оны 09 дүгээр тогтоолоор уг төслийн хэвтээ гол тэнхлэг болон босоо тэнхлэгүүдийн чиглэлүүдийг баталсан.
Уг тогтоолын дагуу Мянганы зам төслийн хэвтээ тэнхлэгийг барих ажил эрчимтэй явагдаж өнөөдрийн байдлаар зүүн чиглэлд Өндөрхаан, баруун чиглэлд Булган аймгийн Дашинчилэн сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон 611 км замыг ашиглалтанд оруулж, шинээр Дашинчилэн Орхоны гүүр чиглэлд 80 км, Хануйн гүүр-Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлд 165 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлд 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил явагдаж байна. Мянганы зам төслийн чиглэлүүдийг баталсан УИХ-ын тогтоол гарсан 2001 оноос хойш Монгол Улс Азийн авто замын сүлжээ байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2004 онд нэгдэн орж, аймгуудыг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай авто замын барилгын ажил эрчимтэй явагдаж байна. Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Алтанбулаг-Улаанбаатар-Чойр–Сайншанд-Замын-Үүд, АН-4 буюу Ярант-Ховд-Өлгий–Улаанбайшинт чиглэлүүд Мянганы зам болон улсын чанартай авто замын чиглэлүүдтэй бүрэн давхцаж байгаа боловч хэвтээ тэнхлэгийн АН-32 чиглэл нь Мянганы зам болон улсын чанартай авто замтай Завхан, Архангай аймгийн нутагт зарим хэсгээрээ давхцахгүй байгаа юм. Энэ нь цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэл гаргаж байгаа төдийгүй 2001 онд тогтоосон хэвтээ тэнхлэгийн зарим хэсэг нь байгаль, геологийн хувьд ихээхэн хүндрэл бүхий Тарвагатайн нуруугаар дайран гарч, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн чиглэлд энэ хэсэгт өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа тул УИХ-ын 2001 оны 9 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна хэмээн сайдын мэдээлэлд дурджээ.
2001 онд УИХ-аас Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэлийг баталсан бөгөөд харин өнөөдөр Мянганы замын зарим нэг маршрутад ийнхүү өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарсантай холбогдуулан тус байнгын хорооны гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Өмнөх маршрутад Завхан, Архангай аймгийг дайруулан барих авто зам нь Тарвагатайн нурууг дамжин өнгөрөхөөр тусгасан байлаа.
Гэвч газрын бартаа хийгээд мөнх цэвдэгтэй газар авто зам барих бололцоо хомс байгаагийн зэрэгцээ асар их хөрөнгө шаардаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэр бүхий хоёр аймгийн тодорхой сумуудыг дайрч өнгөрөх маршрутад өөрчлөлт оруулахаар тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.