Нийслэлийн архивын газрын барилгын хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт суулаа
2018.12.06

Нийслэлийн архивын газрын барилгын хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт суулаа

Нийслэлийн архивын газрын шинэ барилгын хөрөнгө оруулалт нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлгээр нийслэлийн 2019 оны төсөвт суухаар эцэслэн шийдвэрлэгдээд байна.

Төрийн архивын зориулалтын байртай байх хэрэгцээ шаардлага, үндсэн нөхцөл, олон улсын хотуудын архивын хөгжлийн чиг хандлагыг өөрийн орны хотын архивт баримтлах үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5-15-д тусгагдсан “Төрийн архивын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг хангасан архивын байрыг барьж эхлүүлэх” гэсэн зорилтыг тусгасан.

Тус газар нь 2018 оны 12 дугаар сарын байдлаар нийт 312 хөмрөгийн 1639-2016 оны 165.925 гаруй хадгаламжийн нэгжийг 5 байрны 758.16мталбайд хадгалж хамгаалж байна.

Шинэ барилгын газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/918 дугаар захирамжаар “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд 2804 м2 газрыг олгосон бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Нийслэлийн Архивын конторын зориулалттай байр барих газрыг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1034 дүгээр захирамжаар барилгын зураг төсөв боловсруулах, ажлын гүйцэтгэгчээр нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ ажиллаж, зураг төслийн ажил хийгдсэн. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр архивын зориулалттай барилгын эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан.

Уг барилга нь нийт 6025 м2 талбай бүхий Архивын хадгалалт, хамгаалалтын шаардлагад бүрэн нийцсэн оффис, захиргааны 636 м2, нийтийн зориулалт бүхий өрөө, заал, хонгил 2162 м2, лабораторийн зориулалт бүхий 263 м2, хадгаламжийн сангийн 2650м2, техникийн зориулалт бүхий 350 м2 өрөөнүүдээс бүрдэж байна.

Мөн түүнчлэн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс Архивын барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил тус тус хийгдсэн бөгөөд нийслэлийн Архивын газрын шинэбарилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах холбогдох техникийн нөхцөлүүд бүрэн гарсан гэж нийслэлийн Архивын газраас мэдээллээ.