“Байгалийн ухааны нэгдмэл хичээл”-ийн анхдугаар олимпиадын шилдгүүд тодорлоо
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийн санаачлагаар “Байгалийн ухааны нэгдмэл хичээл”-үүдийн анхдугаар олимпиад боллоо.
Аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх сумдын сурагчдын дунд болсон уг олимпиадад есөн суруулийн 650 гаруй сурагч оролцов.
Энэ удаагийн олимпиадын шалгалтын хариуг программаар уншуулж дүнг тухай бүр нь шуурхай гаргасан юм. 60 хүүхдийн шалгалтын тестийг хоёр минутад уншуулж, дүнг дэлгэц дээр хүүхдүүдэд шууд харагдахаар гаргасан нь багш нарын цаг, хөдөлмөрийг хөнгөвчилж, дүн гарахад хөндлөнгийн нөлөө байхгүй, ил тод болж байгаагаараа онцлог болсон юм.
Түүнчлэн 30 гаруй төрлөөр анализ дүгнэлтүүд гаргах чадвартай программ, сканнер, принтер ашиглаж ийнхүү богино хугацаанд олимпиадын шилдгүүдийг шалгаруулсан юм. Өнгөрөгч хавар УИХ-ын гишүүн, НББСШУБХорооны дарга Ё.Баатарбилэгийн санаачилгаар зохион байгуулсан “Нийгмийн ухааны нэгдмэл хичээл”-үүдийн анхдугаар олимпиадын дүнг мөн л дээрх программыг ашиглан шилдгүүдээ тодруулж байсан.
“Байгалийн ухааны нэгдмэл хичээл”-үүдийн анхдугаар олимпиадын дүн гарахад Эрдэнэбулган сумын лаборатори 1-р сургууль нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнуулсан бол удаах байруудад Эрдэнэбулган сумын 3-р сургууль, 2-р сургуулиуд тус тус шалгарлаа. Олимпиадад нас насны ангилалд эхний 10 байрыг шалгаруулан шагнал гардуулсан нь сурагчдад том урам өгч байгааг багш нар, эцэг эхчүүд нь хэлж байлаа.