Монгол инженерүүд япон технологиос суралцлаа
2011.08.11

Монгол инженерүүд япон технологиос суралцлаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Энгельсийн гүүрний сүүлчийн ган дам нурууны боолтыг чангалах ёслол өчигдөр боллоо. Ёслолд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такүо Кидохиро нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг нар оролцож боолтыг чангалсан юм. Үндсэн хуулийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбон барьж буй тус гүүрний барилгын ажил өнгөрсөн 2010 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бол өдгөө хучилт, гэрлэн дохио тавих дутуу байв. "Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих" төслийн  хүрээнд Японы JEF, СТI компани гардан гүйцэтгэж, Монголын талаас "Хотын зам", "Ялгуусан", "Улаанбаатар барилга" ХХК ажиллаж байгаа аж.

Зам, гүүрний ажил хийхэд зам хааж  бөөн түгжрэл үүсгэдэг дүр зураг ажиглагддаг. Тэгвэл тус гүүрний хувьд жил гаруй хугацаанд баригдаж байгаа ч авто замын хөдөлгөөнд саад учруулалгүй олон шинэ технологи ашиглан богино хугацаанд угсарч байгаараа онцлог гэж байв. Энэ талаар "Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл"-ийн удирдагч Б.Мандат "Гүүрийг барихдаа авто замын хөдөлгөөнд саад учруулалгүй барьсан. Анх 2009 онд бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотоос тэрбум төгрөг зарцуулж байшин барилгуудыг нь буулгасан. Тэр үед нэлээд саад бэрхшээл гарч байсан. Тухайлбал, холбооны, төмөр замын шилэн кабель шилжүүлэх асуудал гарсан. Энэ бүгдийг ЗТБХБЯ-тай хамтраад шийдсэн. Хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан гэрээ ёсоор гүүрний ажлын талбайд байгаа замын трасс, инженерийн шугам сүлжээг зайлуулах, барилга байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шийдэж дууссаны дараа гүүрээ гэрээнд заасны дагуу угсарлаа" хэмээв.


Энэ үеэр Японы инженерүүдийг ЗТБХБЯ-наас хүндэт жуух бичиг, медалиар шагнасан юм. Хоёр орны инженерүүдийг харахад гар санаа нийлсэн ахан дүүс болжээ. Иймээс цаашдаа олон томоохон дэд бүтэц барилга байгууламжийн ажилд хамтран ажиллана гэдгийг албаныхан ярилцаж байлаа. 7.5 метр өргөнтэй 100 тонн хүртэл даацтай эл гүүрийг ирэх оны арав, арван-нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөснөө ч энэ үеэр албаныхан дуулгасан юм. Гүүр бүрэн ашиглалтад орохоор хүнд даацын машин нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Элчин сайд Такүо Кидохиро "Нийт 3.7 тэрбум иений хөрөнгө оруулалтын 1.6 тэрбум нь зарцуулагдаад одоогийн байдлаар гүүрний ажил 65 хувьтай явж байна. Ган металл гүүрийг бетонон гүүр барихаас хамаагүй хурдан хугацаанд барилаа. Саяхан гүүрний гарцын доогуур дулаан, инженерийн шугам сүлжээ, кабелийн утаснууд их байгаа нь ажилд хүндрэл учруулж байсныг ЗТБХБЯ-наас 500 сая төгрөг гаргаснаар инженерийн шугам сүлжээг янзалсны дараа угсралтын ажлаа хийчихлээ. Одоо хучилтын ажил болон ус зайлуулах хоолой, гэрлэн дохио, гэрэлтүүлэг тавих л үлдсэн. Нарны замын гүүр ашиглалтад орсноор авто замын ачааллыг нэлээд хөнгөлөх байх" хэмээв.

Энгельсийн гүүртэй адил хоёроос гурван гүүр барина

ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас дараах тодруулгыг авлаа.

-Нарны гүүрний ган дам нурууны боолтыг чангаллаа. Салбарын сайдын хувьд бүтээн байгуулалтын энэ ажлын тухайд юу хэлэх вэ?

-Япон улсыг төлөөлөн манай улсад суугаа одоогийн элчин сайд Такүо Кидохиро одоогоос 20 жилийн өмнө гүүр барих энэ саналыг манай улсын Засгийн газарт тавьж байсан юм билээ. Тэгээд Засгийн газар Японы талд санал тавьснаар хүлээн авсан. Ирэх онд гүүр ашиглалтад орох үед манай улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо. Тэгэхээр хоёр орны найрамдалт харилцааны нэгэн илэрхийлэл болох биз ээ. Энэ гүүр ашиглалтад орсноор нийслэлийн гол хүндрэлтэй асуудал болсон авто машины түгжрэлийг бууруулах юм. Ер нь, цаашдаа нийслэлд иймэрхүү хоёр гүүр хэрэгтэй. Гүүр барих ажлын ихэнхийг нь монголчууд хийсэн. Харин инженер нь япончууд. Тэгэхээр бид Японы сайн инженерүүдийг дагалдаад дээрх технологиор гүүр угсраад сурчихлаа гэж ойлгож болно. Боломж гарвал энэ технологиор шинээр хоёроос гурван гүүр барина.

-Энэ технологиор гүүр барихад өртөг зардлын хувьд хэр байдаг юм бол?

-Харьцангуй өндөр зардал гардаг. Яг одоогоор нэг километр бетонон гүүрийг тэдэн төгрөгөөр барьдаг гэж хэлэхэд хэцүү байна. Яагаад гэхээр гүүр барихдаа түүхий эдээ гаднаас авдаг учир үнэ нь хэлбэлздэг. Хэрэв бид өөрсдөө төмөр үйлдвэрлээд бетонуудыг угсрах юм бол харьцангуй үнэ нь хямдарна л даа.

-Гүүрний чанарын хувьд?

-Япончууд орон сууц, зам, дэд бүтэцдээ заавал газар хөдлөлтийн тэдэн баллд тэсвэртэй байх ёстой гэсэн шаардлага тавьж инженерийнхээ тооцоог хийдэг. Тухайлбал, есөн баллд тэсвэртэй байх ёстой гэдэг. Тиймээс газар хөдлөлт болон байгалийн бусад үзэгдэлд тэсвэртэй сайн гүүр баригдаж байгаа. Ялангуяа ган гүүр газар хөдлөлтөд тэсвэртэй гэдгээрээ онцлог шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.