С.Эрдэнэ: Энэ намар засгийн газрыг огцруулах асуудлыг тавина
2011.08.10

С.Эрдэнэ: Энэ намар засгийн газрыг огцруулах асуудлыг тавина

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа
-Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн хууль ороогүй байна. Яагаад хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй юм бол гэдгээс яриагаа эхлэх үү?
-Яагаад ороогүйг мэдэхгүй байна. УИХ-ын Тамгын газраас ямар асуудлыг хэлэлцэх жагсаалтад оруулсныг албан ёсоор мэдээлээгүй.
-Сонгуулийн хуулийн асуудал зөвшилцөлд хүрвэл 38:38 гэсэн хувилбар хамгийн боломжтой нь гэж гишүүд ярих боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийдөө АН-ын дэвшүүлсэн 50:26 гэдэг хувилбар 50 нь аль нэг аймаг орон нутгийнхаа эрх ашгийг илэрхийлдэг юм уу, жалга довны үзлийн эрх ашгийг илэрхийлдэг юм уу тийм биш байгаасай. Хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу пропорциональ тогтолцоогоор сонгогдоод илүү нийтлэг улс орны хөгжлийн хэтийг харсан өргөн цар хүрээнд боддог сэтгэдэг тэр хэсэг нь гарч ирээсэй. Мэдээж орон нутгийн төлөөлөл байх зайлшгүй шаардлагатай гэж ойлгож байгаа. Тэр төлөөлөл нь 26 байгаасай гэж бодож байна. Улс орны нийтлэг эрх ашгийн төлөө аль нэг орон нутгийн эрх ашгийн хүрээлэлд баригдалгүй илүү өргөн хүрээнд ярьдаг сэтгэдэг. Тэр хүрээнд улс орны хөгжлийг хардаг тэр хэсэг нь олонх байгаасай. Ингэж дэвшүүлсэн. Тогтолцоо гэж яриад байгаа юм үндсэндээ УИХ-ын гишүүд ямар хүрээнд ажиллах вэ гэдгийг шийдэх гээд байгаа шүү дээ. Нэг аймаг орон нутгийн эрх ашгийг шийддэг хүн байх гээд байгаа юм уу эсвэл улс орны эрх ашгийг илэрхийлдэг илүү өргөн хүрээнд харж ажилладаг тийм байх юм уу гэдгийг тодорхойлох гээд байгаа асуудал. АН-ын зүгээс тавьж байгаа бодлого тийм байсан. Эсрэгээрээ МАН-ын зүгээс орон нутгийн төлөөлөл 52 байя.
Илүү нийтлэг улс орны эрх ашгийг өргөн хүрээнд хардаг хэсэг нь 24 байхад болно гэсэн хувилбар дэвшүүлсэн.
Энэ дээр нэлээд удаан маргалдсан. Манай нам нэлээн удаан завсарлага авсан. Эцэст нь УИХ-ын ажлыг цааш нь явуулах, гацаанаас гаргах үүднээс 38:38, орон нутгийн төлөөлөл нь 50 хувь байя. Нийтлэг улс орны хөгжлийг хардаг илүү өргөн хүрээнд аль нэг тойрог орон нутгийн эрх ашигт баригддаггүй хэсэг нь 50 хувь байя гэсэн санал тавьсан. Харамсалтай нь МАН зөвшөөрөхгүй байгаа. Өөрсдийн тавьсан 24/52 гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон. Энэ нь өөрөө юуг харуулж байна вэ гэхээр өнөөдөр хэн нь улс орны  хөгжлийн ирээдүйн төлөв байдлыг илүү харж байна вэ гэдгээс шалтгаалж энэ асуудал гарч байна.
-Сонгуулийн хуулийн зөвшилцөл ур дүнд хүрэхгүй бол олонхын жишгээр МАН асуудалд хандаж болзошгүй. Өөрөөр хэлбэл МАН парламентад дийлэнх 45 суудалтай. АН бол цөөнх, тэдэнд асуудлыг бие даагаад шийдэх боломж байгаа юм биш үү?
-Хуулиараа тийм боломж байхгүй. Яагаад гэвэл АН хуулиараа завсарлага авсан тохиолдолд УИХ-ын чуулган хуралдахгүй. Хоёрт өнөөдөр МАН ийм байр суурь баримтлах юм бол хориг тавина гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор мэдэгдсэн. Жижиг мажоритари хэлбэрийг сонгох юм бол хориг тавина гэсэн. УИХ-ын 26 гишүүн кноп  дарсан тохиолдолд Ерөнхийлөгчийн хориг хүчин төгөлдөр болно. Ийм нөхцөл байдалд МАН дураараа аашлах боломжгүй. Дураараа аашлах санаа тэдэнд бий л дээ. Харамсалтай нь хуулиар тэдэнд тийм боломжийг олгоогүй. Тийм боломж байсан бол тэд аль эрт боломжоо ашиглаад дураараа дургиад явах байсан. Боломжгүй учраас л өнөөдөр манай нам хамтарсан Засгийн газарт татаж оруулсан.
-Бас хамтдаа 2012 онд хариуцлага хүлээхийн тулд?
-Хамтдаа хариуцлага хүлээх гэж, мөн өөрсдөө хариуцлагаас мултрахын тулд. Бас 2008 оны долдугаар сарын нэгний үйл явдлыг цайруулж, хариуцлагаас мултрахын тулд шүү дээ. Ер нь маш олон хариуцлагаас мултрахын тулд АН-ыг хамтарсан Засгийн газарт татаж оруулсан. Би анхнаасаа энэ бүхний эсрэг байсан. Болохгүй ээ, битгий өгөөшинд нь татагдаад байгаач. Таван сайхан хүний амийг таван сайдын суудлаар сольж болохгүй гэдгийг удаа дараа хэлсэн. Одоо ч гэсэн хэлж байгаа. Цаашдаа ч хэлнэ.
-Хэлнэ гэдгээс үүдээд асуухад намар гэхэд АН-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулна гэх юм. АН-ынхан дунд хамтарсан Засгийн газраас гарах асуудлын тухай яриа эрчимжиж байгаа гэж ойлгож болох уу?
-Яригдаж байгаа зүйл бодитой гэдгийг хэлье. Ер нь АН дотор эрүүл саруул сэтгэдэг хэсэг нь Засгийн газраас гарах ёстой гэдэг дээр байр суурь нэг. байгаа. Ер нь цаашдаа яаж ч бодлоо гэсэн ийм хариуцлагагүй, стандарт бус Засгийн газарт АН байх ёс зүйгүй. Засгийн газар бүтээн байгуулалтын ямар ажил хийсэн юм бэ. Яг юу хийв. Магадгүй өнөөдөр иргэдийн гар дээр 21 мянган төгрөг өгснөө ярих байх. Гэтэл энэ нь нийгэмд буцаад ямар их сөрөг үр дагавар авч ирж байна вэ. Монголчуудыг ажил хөдөлмөр хийхээс улам хойш нь татаж, сэтгэлгээг нь доройтууллаа. Хятадууд Манжийг яаж уусгалаа. Бүх юмыг нь бэлдэж өгөөд юу ч хийлгэдэггүй байсан биз дээ. Ам руу нь хоол халбагадаж өгдөг байсан. Сүүлдээ Манж үндэстэн сэтгэх, хөдөлмөрлөх чадваргүй болоод мөхсөн шүү дээ. Түүхэнд агуу том дайчин чадвартай аймаг байсан гээд үлдсэн. Түүнтэй адил монголчуудыг бэлэнчлэх сэтгэлгээнд хэтэрхий сургаж, дасгаж байна. Өнөөдөр монголчууд зүгээр сууж байгаад мөнгө авах сонирхолтой болж эхэлсний тод жишээ 21 мянган төгрөг.
-АН ч гэсэн Хүүхдийн мөнгөөр тодорхой хэмжээнд нийгмийн халамжийн эхлэлийг тавьсан биз дээ?
-Хүүхдийн мөнгө бол өөр байсан. Хүүхэд нийгэмд баялаг бүтээх чадваргүй, бусдын асрамжид байдаг хэсэг. Тэр хэсэгт төрөөс мөнгөн дэмжлэг үзүүлэх эдийн засаг санхүүгийн урамшуулал олгох бодлого бүх л улс орон даяар байдаг. Ганц Монголд ч байгаагүй. Тэгэхээр хүүхдийн мөнгийг устгаж хаячхаад хэт хавтгайруулсан халамжийн бодлого явуулж эхэлсэн. Энэ бол хэтийн зориуд санаатай үйлдэл. Монгол Улсын эсрэг маш том гэмт хэрэг гэж үзэж байна.
Өнөөдөр яахаараа хөдөлмөрийн чадвартай иргэд 21 мянган төгрөг авах ёстой юм бэ.
Өгч болно. Өгдөг юм гэхэд яагаад нэг хүнд сард 2-3 мод тариад эсвэл тодорхой ойр орчны тохижилтын ажлыг хариуцаад тэрнийхээ хөлсөнд 21 мянган төгрөгийг авч болдоггүй юм бэ. Ажилгүй 10 мянган хүн байлаа гэхэд тэд өдөрт нэг мод тарья л даа. Өдөрт 10.000 мод тарина. Сард хэдэн мянга болох уу. Гэх мэтчилэнгээр зүгээр л эдийн засгийн талаас нь бодсон ч гэсэн маш их нөөц бололцоо Монголд бий. Гэтэл Монгол Улсад байгаль экологийн асуудал ямар түвшинд байгаа билээ. Энэ бүхэнд цэгцтэй төрийн бодлого үгүйлэгдээд байна.
-Хамтарсан Засгийн газар ажил хийж байна. Ажил хийж байгаа хүнийг хараад шүүмжлэх шиг амархан юм алга гэдэг шүү дээ?
-Хамтарсан Засгийн газар гэж яриад л байна. Хамгийн мундаг хийсэн ажлаа Оюу толгой гэж хэлэх байх. Оюу толгой өнөөдөр монголчуудад юу өгөв. Хэл дээ. Хувийн хэвшлийн гэдгээр ард түмнээс нууцалсан гэрээг бидний хэдэн гишүүд ил болгосон. Тэгээд 80 хувь нь давуу эрхийн хувьцаа байна. Гэрээнд тусгагдсанаар 20 хувь нь энгийн хувьцаа байна. Тэд Монголын талын эзэмших хувь хэмжээ нь энгийн хувьцааны 34 хувь нь байна гэчихсэн. Хүмүүсийн эдийн засаг, санхүүгийн ойлголтгүйг далимдуулж толгой тархийг нь угааж, Африк, Латин Америкийн орнуудыг яаж хуурч мэхэлж байсан шигээ юм хийх гээд байна. Яаж ч бодсон энгийн хувьцааны 34 хувь гэдэг чинь 20 хувийн 34 хувь гэхээр нийт хувьцааны зургаахан хувь л байгаа байхгүй юу.

Яагаад бид баялгаа бусдад зүгээр өгөх ёстой гэж.
34 хувь гэдгээр бид 1.6 тэрбум доллартай тэнцэх хэмжээний зээл авч байгаа шүү дээ. 34 хувиа яахаараа бид худалдаж явах ёстой гэж. Хэнд ашигтай бодлого явагдаад байгаа юм бэ. Мэдээж үүний ард тодорхой хэмжээний эрх ашгийн сонирхол байж байгаа нь ойлгомжтой. Өнөөдөр Таван толгойг хар. Яахаараа Монгол Улсын УИХ-ын тогтоолыг зөрчиж Таван толгойг улс орнуудад хувь хувааж өгч байгаа юм бэ. Хувь хуваахыг УИХ-ын 39 дүгээр тогтоолоор хориглосон шүү дээ. Төрийн өмчит «Эрдэнэс Таван толгой» компанийн байгуулж ашиглалтын лицензийг хуваахгүйгээр шилжүүлнэ гээд заачихсан. Орос, Хятад, АНУ гээд хэд хэдэн хувь хуваачихсан. Нөгөө уламжлалт харилцаатай Япон, Солонгос яах юм бэ. Асуудлыг шийдэх маш олон энгийн арга байсан шүү дээ.
-Ямар арга байсан гэж. Харин ч боломжийн хувилбар сонголоо гэж яриад байгаа шүү дээ?
-Шийдэх маш олон арга бий. Таван толгойн асуудал дээр хувь хуваадаг бол тэнэг л байхгүй юу. Бид нийт хувьцааны 30 хувийг юм уу, 50 хувийг хөрөнгийн бирж дээр гаргаад л за та нар дуртай хэмжээгээрээ худалдаад ав гэсэн бол асуудал гарахгүй. Тэр Япон Солонгос, АНУ, Хятадын компаниуд нь мөнгө гаргаад үнэ хаялцаад худалдаад аваг л дээ. Манай хувьцааны үнэ ч өсөж, орох ашиг нь ч өндөрсөнө. Манай улсад хамаагүй л ашигтай байх байсан. Яагаад наад захын ийм энгийн арга хэрэглэхгүй юм бэ.
Яагаад заавал хувь зааж хуваах гээд байгааг ойлгохгүй байна
Зүгээр л Хонгконгийн хөрөнгийн бирж өөр бусад биржүүдэд IРО хийгээд хувьцаагаа гарга л даа. Тэгээд том гүрнүүд мөнгөө гаргаад жинхэнэ эдийн засгийн дайнаа хийнэ үү дурын асуудал болно. Хэн илүү мөнгө гаргасан нь илүү хувиа авна. Шударга шүү дээ, гомдолгүй. Хувьцаагаа гаргасан. Та нар мөнгө хаяад хувиа авахыг хэн байг гэсэн юм бэ гээд сууж байх ёстой байхгүй юу. Нүүр бардам «Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй» ийм ийм бодлогыг Монголын төр явуулах байсан. Хамтарсан Засгийн газрын ярих дуртай Оюу толгой, Таван толгойн бүтээн байгуулалт гэж хэлчхээр зүйл үнэндээ алга.
-АН-ынхан хамтарсан Засгийн газарт хангалтгүй дүн тавьсан. Удахгүй сайд нараа Засгийн газраас гаргана гэлээ. Хариуцлагаас мултрахын тулд уу?
-Хариуцлагаас мултрахын тулд биш юм. 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 30 гаруй хувьтай байна гэдгийг АН-ын бүлгээр ярилцсан. За яах вэ өсгөөд, өсгөөд шүү дээ. Үлдэж байгаа жил гаруйн хугацаанд 60-70 хувийг хэрэгжүүлэх боломж үнэхээр харагдахгүй байна. Ийм нөхцөл байдалд бид заавал хутгалдах хэрэг байгаа юм уу гэдгийг манай намаас энэ Засгийн газарт  ажиллаж  байгаа нөхдөд хэлсэн. Энэ намар бид ҮЗХ болон холбогдох хүмүүст асуудлыг тавина. Ер нь энэ асуудлаар нэлээн өргөн хүрээнд хэлэлцүүлэг явуулна. Бид ч гэсэн албан ёсоор УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлнэ.
-Өмнөх туршлагаараа нэг нэгээр нь огцруулах тактикаа хэрэглэх үү?
-Ерөнхийдөө хариуцлага тооцох асуудлыг намар нэг нэгээр нь байна уу, эсвэл бүхлээр нь ч юм уу бид хариуцлага тооцуулахын төлөө явна. Асуудлыг тавина. Яагаад болохгүй гэж. Өнөөдөр ажил хийхгүй бол хэн ч гэсэн хариуцлага хүлээх л ёстой. Ажил хийгээгүй, амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тэр хэсэг хүн, тухайн нам хариуцлага хүлээх л болно.
-Гэхдээ ямар ч байсан Таван толгой хуваарилалт геополитикийн хувьд зөв байсан. Ерөнхий сайд С.Батболд дипломат аргаар асуудлыг шийдсэн гэж үнэлэх ч хүн бий шүү дээ?
-Хэн гэж?
-Нийтлэлч Б.Баабар?
-Б.Баабар ер нь юу ч гэж хэлж мэднэ шүү дээ. Б.Баабар Оюу толгойг юу гэж хэлж байлаа даа. Оюу толгойн гэрээг хийчих юм бол монголчууд долларт умбана гэж бичээд байсан шүү дээ. Монголчууд долларт умбаж байгаа нь хаана байна вэ. Тэгээд ч Б.Баабарыг захиалгаар юм бичдэг гэдгийг хэн ч мэднэ. Захиалгаар  хүнийг доромжилно. Улстөрийн захиалгат нийтлэл бичээд тэрнийхээ төлөөсөнд амьдардаг хөөрхийлөлтэй хүн байхгүй юу. Тиймээс Б.Баабар далдыг хардаг далай лам биш.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.