С.Эрдэнэ: МАН гэрээний заалтаас ухарч, жалга довны үзлээсээ салахгүй гэдгээ илэрхийлчихлээ
2011.08.15

С.Эрдэнэ: МАН гэрээний заалтаас ухарч, жалга довны үзлээсээ салахгүй гэдгээ илэрхийлчихлээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд та ямар ажил амжуулсан бэ?
-УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш тойргийнхоо иргэдтэй уулзлаа. Манай тойрог 23 хороотой. Үүнээс долоон хороо нь гэр хороолол байдаг. Хамгийн түрүүнд гэр хорооллын иргэдтэй уулзсан. Энэ үеэр өдөрлөг зохион байгуулж, хуулийн зөвлөгөө өгөх, эмчийн үзлэг, оношилогоо хийх зэрэг бүх насныханд зориулсан хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд УИХ-д хийсэн ажлын талаар болон Баянгол дүүрэгт хийсэн зүйл, санаачилсан хууль зэргийг тайлагнасан. Ер нь иргэдтэйгээ харилцан санал солилцох уулзалтууд байсан. Түүнчлэн би дөрвөн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Хуулийн төслөө өчигдөр эцсийн байдлаар боловсруулаад, ирэх сард УИХ-ын даргад өргөн барихаар болсон. Мөн энэ сарын сүүлээр үлдсэн хорооллоор явж бусад иргэдтэйгээ уулзана. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
-Ямар ямар хууль санаачилсан бэ?
-Тэтгэврийн хуулийн төсөл дээр шинэчилсэн найруулга хийж боловсруулсан. 1990-2000 оны хооронд ажил эрхлэх боломжгүй болон нийгмийн даатгал төлөх бололцоогүй байсан иргэдийн талаар нэлээд судалсан. Учир нь манай улсын хувьд энэ хугацаа бол шилжилтийн 10 жил байсан. Энэ үед маш олон байгууллага, үйлдвэр үйлчилгээ хаалгаа барихад хүрсэн. Олон хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх бололцоо байхгүй болсон зэрэг иргэдээс үл хамаарах шалтгаан байсан. Харин үүнийг төр зохицуулж өгөх шаардлагатай гэдэг үүднээс хууль боловсруулсан.
-Тойргийнхоо иргэдтэй уулзаад, санал бодлоо солилцоод явахад ямар хүсэлтийг илүүтэй тавьж байна вэ. Гишүүдийг санал авч сонгогдчихоод, маргаашнаас нь эхлээд шилээ харуулаад алга болдог талаар их ярьдаг. Амлалтаа хэрэгжүүлэхгүй байгаа тухай их гомдолдог. Иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийг нэхэж байх юм уу?
-Ардчилсан намын амлалт 1.5 сая төгрөг биш ээ. Харин үүнийг хүмүүс AH, MAH хоёрын амлалт гэж ихээр ярьдаг. МАН-ын зүгээс 1.5 сая төгрөгийг 2008 оны сонгуулийн маргаашнаас олгоно гэсэн амралтыг өгсөн. Тэр ч бүү хэл 20 мянгатын дэвсгэр дээр үүнийг бичиж баримтжуулж байсан шүү дээ. Харин ардчилсан намын тухайд бэлэн мөнгө бус Эрдэнийн хувь буюу байгалийн ашигт малтмалаас олох орлогоос иргэддээ сая төгрөгөөс дээш үнэлгээ бүхий хувьцаа тараана гэж амлаж байсан. Тэгэхээр бэлэн мөнгө, хувьцаа гэх ойлголт хоорондоо өөр зүйл гэдгийг иргэд маань сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс манай намын амлалт өнөөдөр хэрэгжих шатандаа орсон. Ир-гэн бүрт 536 ширхэг хувьцааг олгох шийдвэр гарсан. Харин 1.5 сая төгрөгийг амласан нам нь байж байгаа. УИХ-д олонхи суудалтай. Тиймээс МАН 1.5 сая төгрөгөө хэзээ олгож эхлэхийг би мэдэхгүй байна.
Ер нь гэр хороололд амьдарч байгаа айлуудын амьдрал хэцүү байна.
Амьжиргааны маш хүнд нөхцөлд амьдарч байна. Ундны усны хомсдол болон хог хаягдал их байна. Түүнчлэн хөрсний бохирдол маш өндөр хэмжээнд хүрчээ. Цахилгаан эрчим хүчний хангамж тааруухан зэрэг яриад байвал их зүйл байна. Иргэдийн хувьд өнөөдөр идэх зүйл хомс байгаа ч ундны усны хангамж болон хоггүй орчинд аж төрөх хүсэлтэй байна лээ. Эрчим хүч цахилгааны хангамж сайн байгаасай гэх мэт санал тавьж байсан. Дараа нь ажлын байр олдохгүй, архидан согтууралт болон гэмт хэргийн гаралт их байгаа зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг их ярьж, дуулгаж байсан. Мөн төрөөс иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөг ядарсан нэгэнд тодорхой хэмжээний нэмэр болж байгаа ч гэлээ үүнээс үүдэлтэй архидалт хэрээс хэтэрсэн. Амьжиргаанд минь нэмэр болохоос илүүтэй нэрмээс болж байна гэх иргэн олон байсан. Тэгэхээр 21 мянган төгрөгийг ялгавартай олгож болдоггүй юм уу. Хүүхэд, эмзэг бүлэг, хөдөлмөр эрхлэх боломжгүй эцэг эхчүүдэд олгох нь зүйтэй гэх саналыг уламжилж байсан. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа амьжиргааны төвшин гайгүй хүмүүст олгож байхаар сургууль, цэцэрлэг барьж болоогүй юм уу гэх мэтээр хэлж, ярьж байсан. Бид бүхэнд орон сууцны моргейжийн зээлд хамрагдах сонирхол байна. Түүнийг шийдвэрлэж өгөхөд төр анхаарлаа хандуулаач ээ гэх асуудлыг их ярьж байна лээ.
-Ер нь иргэдтэй уулзаад, санал бодлоо солилцоод аж амьдралтай нь танилцаад явах, ширээний ард суугаад шийдвэр гарах хоёрын хооронд асар их зөрүү байгаа байх?
-Би иргэдтэйгээ байнга уулздаг. Тиймээс өөрийн тань асуусан зүйл надад байнга нээлттэй байдаг юм.
-Энэ жил олон түүхт ой давхцаж байна. Олон аймгийн байгуулагдсан ой боллоо. Та аль нэг аймгийн баяр наадамд оролцсон уу?
-Архангай аймгийн Хайрхан суманд аавын маань суварга байдаг. Суваргын тахилга хийж, номын уншлага зохион байгуулсан. Мөн жижигхэн бэсрэг наадам зохион байгуулсан байгаа. Өөрөөр найр наадамд оролцсонгүй.
-УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Сонгуулийн тухай хуулиабаталж амжаагүй. Тиймээс намрын чуулганаар ч мөн адил амжихгүй гэсэн яриа байгаа. Тэгэхээр ирэх оны сонгууль хуучин тогтолцоогоор явах магадлал өндөр байгаа гэх юм. Тэгээд таны хувьд тойрог солих асуудал гарах уу?
-Хамтарсан Засгийн газар байгуулахдаа хоёр нам 10 заалт бүхий гэрээ байгуулсан. Түүнд Сонгуулийн тухай хууль болон тогтолцоогоо шинэчилнэ гэсэн зүйл байгаа. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар алхмаасаа ухарч байна. Тэр дундаа МАН гэрээний заалтаасаа ухарч байна. Жалга довны үзэл, намын эрх ашгаасаа ухрах бодолгүй гэдгээ илэрхийлчихлээ. Хэрвээ хуучнаар сонгууль болбол одоогийн 76 дахиад л энэ байдлаар сонгогдоно. Дахиад л улсын төсвийг 76 тийш зулгаадаг, төрийн бодлогыг хоёрт, орон нутгийн бодлогыг тэргүүн эгнээнд тавьдаг зүйл хэвээрээ байна.
-Иргэд ирэх оны сонгуулийг шинэчлэгдээсэй гэж хусч байгаа. Гэхдээ улс орны нийтлэг эрх аюгийг баримталдаг тийм хүмүүс сонгогдоосой гэж ярьж, хэлж байна. Мөн залуучууд нэр дэвших сонирхол ч их байна лээ. Энэ талаар таны бодол ямар байна вэ?
-Миний хувьд залуучуудыг дэмждэг. Залуус гарч ирсэнээр нийгэмд өөрчлөлтийг авчрах магадлал өндөр байгаа. Гэвч дан залуус гэж туйлшрахгүй, төрийн ажилд гаршсан туршлагатай хэсгээ хэрэггүй гээд ад үзээд байж болохгуй. Тэгээд ч ийм байдлаар нийгм-щийн шинэчлэлт, өөрчлөлтийг хийнэ гэдэг худлаа. Аль ч улс оронд залгамж гэж байдаг. Төрийн залгамж чанар алдагдаад бодлого унадаг хуультай. Бусад орнуудын туршлагаас харахад дандаа нас тогтсон, хийж бүтээсэн зүйлтэй хүмүүсээ сонгосон харагддаг. Учир нь амьдралын болон улс орны талаархи асар их туршлага хуримтлуулсан болохоор иргэд нь итгэл үзүүлдэг. Тийм хүмуүүс улс орны бодлогоо тодорхойлдог юм байна лээ. Тэгэхээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Мэдээж залуусын дунд өндөр мэдлэг боловсролтой залуу олон байгаа. Гэхдээ л амьдрал, ажлын болон улс төрийн туршилгаар ахмад үеэ давж гарах нь юу л бол. Энэ бол тодорхой цаг хугацааны дараа хуримтлагддаг зүйл шуу дээ. Тэгэхээр УИХ-д залуус, дунд болон ахмад үе аль, аль нь байгаасай гэж боддог. Тэгж байж гарч буй бодлого нь уян хатан байх болов уу гэж боддог. Хамгийн чухал залуус маань эх орноо гэх сэтгэлтэй л байгаасай. Тиймээс улс төрд орчихоод, ажил, албан тушаалын нэр алдар хөөдөг залуус хэрэггүй байх.
-Туршлагатай улстөрчид ирээдүйн залгамж халаагаа их бэлтгэдэг. Зарим нь хүүдээ өвлүүлнэ гэх зэргээр ярьж байна. Таны хувьд бэлттэж байгаа залуус бий Юу?
-Маш олон залуу байгаа. Манай дүүргийн АН 4000 гаруй гишүүнтэй. Тэд бол миний ирээдүй. Тиймээс тэднийг зөв яваасай, зөв байгаасай гэдэг утгаар хааяа хатуу үг чулуудна. Заримдаа магтаж урамшуулдаг. Миний хувьд залуу үедээ чиглэсэн ажил маань багадаагүй гэж боддог юм.
-Таны залууст тавьдаг шалгуур юу вэ?
-Хүмүүсийн хэн бэ гэдэг нь аяндаа л харагддаг. Амьдрал өөрөө баян шуу дээ. Хувь, хувьсгал болон улс төр дээр тухайн хүний чадвар харагддаг. Тэр хүний ноён нуруу аяндаа мэдрэгддэг гэх уу дээ. Гэхдээ цаг хугацаа шиг шударга шуугч хаана байх вэ дээ. Тэгэхээр би мэдлэг боловсролоос гадна тухайн хүнийг зөв сэтгэл, хүмүүжлийг илүүтэй хардаг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.