Л.Болд гишүүн тойргийнхоо хүүхэд багачуудыг баярлууллаа
Хан-Уул дүүргийн Яармаг бүсийн бяцхан багачууд өчигдөр тойргоосоо УИХ-д сонгогдсон Л.Болд гишүүнээс шинэ жилийн бэлэг хүлээн авлаа. Он солигдохын өмнөхөн Л.Болд гишүүн уламжлал ёсоор тойргоороо явж, хүүхэд багачуудыг баярлуулдаг бөгөөд энэ удаа мөн Яармагийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд бэлэг тараасан юм.
Яармаг худалдааны төвийн хойно орших Л.Болд гишүүний бие төлөөлөгчийн газарт манай сурвалжлах багийнхан очиход хүүхэд багачуудаар багтаж ядан байв.
Удалгүй Л.Болд гишүүн ирж цугласан хүүхдүүдтэй мэндчлэн, шинэ ондоо эрүүл энх байж, онц сурахыг хүсэн ерөөлөө.
Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд IV, V, VI, VII, VIII хороодууд багтдаг бөгөөд УИХ-ын гишүүний Ажлын алба, дээрх таван хорооны ажилтнуудтай хамтран хүүхдүүдэд бэлэг тарааж яваа бөгөөд энэ ажилд Л.Болд гишүүн ч өөрийн биеэр ирж оролцсон нь энэ.
Замын урд орших “Хан-Уул Нэгдсэн эмнэлэг” буюу олны хэлж заншсанаар Яармагийн эмнэлэгт Л.Болд гишүүн очиж ажиллалаа. Тэрээр энд хэвтэж эмчлүүлж байгаа 180 гаруй хүүхдүүдэд ч мөн шинэ жилийн бэлэг түгээх юм.
1980 онд Ажилчны Районы хүүхдийн нэгдсэн эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж байсан тус эмнэлэг нь 1991 онд хүүхдийн өвчний чиглэлээр хэвтүүлэн эмчлэх үйлчилгээтэй хүүхдийн 4-р эмнэлэг болж өөрчлөгдсөн түүхтэй. Одоо үйлчлэх хүрээний 160 гаруй мянган хүн амд яаралтай тусламж, дотор, мэдрэл, хүүхэд, мэс засал, гэмтэл, нөхөн сэргээх эмчилгээ, оношлогооны чиглэлээр үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг аж. Ор, тасгийн багтаамж хүрэлцдэггүйгээс шалтгаалан коридортоо өрөө байдлаар засаж тохижуулсан газрууд таарч байлаа.
Шинэ жилийн баяр болж байгаа хэдий ч Яармагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд их байлаа.
2019 онд багтаан 40 ортой хүүхдийн тасгийн барилгын өргөтгөлийг эмнэлгийн дэргэд ашиглалтад оруулахаар шийдвэрлэгдсэн бөгөөд энэ төсөлд Л.Болд гишүүний хүчин чармайлт их байсныг эмнэлгийн эмч, ажилтнууд дурдаж байлаа.
Гишүүн бэлэг түгээхийн зэрэгцээ эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонсож тэдэнтэй ярилцаж байлаа. Эцэг эхчүүд эрүүл мэндийн үйлчилгээний эхний шатлал болох өрхийн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарыг чадавхижуулах асуудлыг голлон хөндөж байв.
Дээр дурдсанчлан 160 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг тул эмнэлгийн багтаамж хаанаа ч хүрэлцэхгүй байдгийг коридорт зассан орнууд үйлчлүүлэгчээ хүлээж авах гэж байгаагаас харж болно.
Нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн аавууд 27-ны өдрийн “МАНАН дэглэмийн эсрэг ард түмний жагсаал”-д нэгдэж оролцсон тухай ээжүүд ярьж байсан. Тэд гишүүний хийж буй тэмцлийг дэмждэгээ илэрхийлж хамтдаа зургаа авахуулж байв.
Дашрамд дурдахад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон 2018 оны ажил үйлсээрээ Нийслэлийн хэмжээнд 3-р байранд шалгарсан аж.
Олон эцэг эхчүүд Л.Болд гишүүнийг дэмжиж явдгаа илэрхийлж хамтдаа гэрэл зургаа татуулж байсныг энд онцлох хэрэгтэй.
Энэ үеэр бидэнтэй нэг айлын гурван ихэр нярай нэг тасагт хавт хэвтэж байгаатай таарсан юм. Ихрүүдийн аав ээж гишүүнд хандан санал хүсэлтээ илэрхийлж байв.